ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Дорноговь аймгийн бэлгэ тэмдэг

2015-01-15 11:58
Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 01 дүгээр тогтоолоор аймгийн бэлгэ тэмдэг болгон батлав. Зураач: П.Цэгмэд, дизайнер Э.Пүрэв, Г.Цагаандэрэм

Ерөнхий байдал
Дорноговь аймгийн бэлгэдэл нь нар, сар, дэлхий, эвийн хоёр загас/арга билэг/, үлэг гүрвэл, тэмээн сүрэг зэргийг зохиомжит дүр дүрслэлийн аргаар байрлуулсан дугуй хэлбэртэй байна.

Наран саран
Мөнх тэнгэрийн хүч наран саран нь Монголчуудын үеийн үед үүрд мандан бадрах өлзий дэмбэрлийг илэрхийлсэн утгатай.

Дэлхий
Элэг буруулж эргэдэггүй эх дэлхий, газар шороо, уул ус, ан амьтан, ургамал ногоо, түүний хэвлийн эд баялгийг үеэс үед хайрлан хамгаалах учиртайг бэлгэднэ.

Эвийн хоёр загас
Арга билгийн утга агуулсан эр эм эвийн хоёр загас нь сонор соргог байж, эх орныхоо хил хязгаарыг нүд цавчилгүй хамгаалахыг бэлгэднэ.

Үлэг гүрвэл
Өвсөн тэжээлт сүрлэг том үлэг гүрвэл нь энэ их газар нутаг бол нэн эртнээс амьд ертөнцийн өлгий нутаг байсаар ирснийг, мөн агуу их сүр хүчийг бэлгэднэ.

Тэмээн сүрэг
Говь нутгийн бэлгэдэл тэмээн сүрэг нь Дорноговь аймгийн 14 сумыг төлөөлөн нарны цацраг адил хүрээлэн байх бөгөөд сум бүрийн хөгжил дэвшил нэгдэн нийлж, нэгэн аймаг болж мөнх тэнгэрийн наран ямагт гийсэн, төр улс, ард түмэн нь түвшин амгалан, галын дөл мэт мандан бадарч байхыг бэлгэднэ.

Өнгөний бэлгэдэл
Говийн ноён хутагт Данзанравжаагийн улс орноо тулгын гурван чулуу мэт бат бөх байхыг ерөөж, номын авшиг, ерөөлийг цагаан өнгөөр, буян хишгийг шар өнгөөр, хадгийг бэлгэдэж цэнхэр өнгийг дүрсэлсэн нь бэлгэ тэмдгийн өнгөний ерөнхий тайлал болно.
Хөх цэнхэр өнгө-хөх толбот Монгол түмнийг мөнх хөх тэнгэр ивээж байх, хүрэн шаргал өнгө түүх соёл, газрын доорх эрдэнэс баялаг, ховор нандин олдвортой говийн бэлгэдэл, шаргал өнгө-алтан нарны гэрэл мэт ард түмэн нь адил тэгш аз жаргалтай, баян тансаг байх бэлэгдэл, цагаан өнгө-эхийн цагаан сүүтэй зүйрлэсэн хүний зам мөр тэгш дардан байхын бэлгэдэл болно.

2015-01-15 11:58

Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 502
  • НИЙТ:
  • 315 167
Сумдууд