ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

2017 онд тариалан эрхлэгч аж ахуй нэгж, иргэнд үзүүлэх дэмжлэгүүд

2017-04-18

     2017 онд үр тариа 468,1 мянган га-д буюу улаанбуудай 420,8 га-д, төмс 15,1 мянган га-д, малын тэжээл 23,2 мянган га-д тус тус тариалалт хийхээр урьдчилсан тооцоо гараад байна. Энэ жил үр тариа үйлдвэрлэгч аж ахуй нэгж, иргэдийг дэмжих зорилгоор жил болгон олгодог дэмжлэгийг үргэлжлүүлэн олгох ба энэ жилийн нэг онцлог нь төмс, хүнсний ногоо болон малын тэжээл тариалж байгаа аж ахуй нэгж, иргэнд шатахууны дэмжлэг олгохоор болсон. Ингээд 2017 олгож буй дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна.

ҮРИЙН ДЭМЖЛЭГ 

     Хөтөл, Сэлэнгэ, Булган, Угтаал, Хархорин элеваторт болон түрээсийн агуулахуудад үрийн нөөц бүрдүүлэх зорилгоор аж ахуй нэгжээс үрийн буудай стандартын дагуу 2016 оны ургацын элит болон 1-2 репродукцын үрээр нөөц бүрдүүлэн ажилласан ба нийт 4,8 мянган тонн үрийг энэ жилийн тариалалтад олгоно. Эдгээр үрийн буудайг сортоор нь үзвэл Бурятская Остистая ,Алтайская 325 .530 , Дархан 144.131,Сэлэнгэ.

Худалдах нөхцөл: Үрийн хувиар /журмын дагуу/ 1 тонн үрийг 830,000 төгрөгөөр тооцон гэрээ хийж урьдчилгаа төлбөр төлөх, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас буудайгаар барагдуулах нөхцөлтэй олгоно.

    Үр үржүүлгийн аж ахуй нэгжүүдэд: Үр тариа, тэжээлийн таримлын үрийн чанар хангамжийг сайжруулах, нутагшсан чанар сайтай сортын элит үр үржүүлэх, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал газар тариалангийн хүрээлэнтэй 2016 онд гэрээ байгуулан хамтран ажилласны үр дүнд Тариалан Эрхлэлтийг Дэмжих Санд улаан буудайн элит Дархан 131,34,144,166 сортын 360,8 тонн, арвайн Бурхант 1 сортын элит 104, хошуу будааны Ровесник сортын элит 39.9 тонн, хөх тарианы Онохойский сортын элит 27.0 тонн, вандуйн И-20964 сортын элит 10,0 тонн үрийг нийлүүлсэн. ХХААХҮЯ-ны бодлогоор үр тариа, тэжээлийн ургамлуудын элит үрийг үрийн аж ахуй нэгжүүдэд нийлүүлэн үржүүлэх замаар бусад аж ахуй нэгж , иргэдийг нутагшсан чанар сайтай сортын үрээр хангах чиглэлийг баримталж байна.

УРГАМАЛ ХАМГААЛЛЫН БОДИСЫН ДЭМЖЛЭГ

ТЭДС нь тариалангийн талбайн хог ургамал, өвчин хортонтой тэмцэх, химийн аргаар уринш хийх, хөрсний эвдрэлээс хамгаалах, ургац нэмэгдүүлэх ажлын хүрээнд ургамал хамгаалах бодис, бордооны дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд тариалалд 5 төрлийн нийт 3587,4 тн ургамал хамгаалах бодис шаардлагатай байгаагаас ТЭДС-гийн дэмжлэгийн хүрээнд төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр 30 хувийн  урьдчилгаатай хөнгөлөлттэй нөхцөлөөр нийт 566 тн үр ариутгагч, ургамал хамгааллын бодисоор тариаланчдыг дэмжихээр ажиллаж байна.

ШАТАХУУНЫ ДЭМЖЛЭГ

     Хаврын тариалалт, уринш боловсруулалт, намрын ургац хураалтын үеэр жил бүр түлшний дэмжлэг тариаланчдад үзүүлдэг бөгөөд нефть импортлогч компаниудын дунд сонгон шалгаруулалт явуулж, тариалангийн бүс нутгуудад байршил бүхий шатахуун түгээх станцуудаас жижиглэнгийн үнээр мөн аймгуудын төвийн агуулахаас бөөний үнээс хөнгөлөлттэй үнээр олгодог. 2017 онд газар тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хаврын тариалалтад 4200 тн дизель түлш олгохоор төлөвлөж байна. Үр тарианы тариалалтад шатахууныг нормыг 1 га-д 10 литр тооцох ба гэрээг Хөтөл, Сэлэнгэ, Булган, Угтаал, Хархорин салбарууд болон төв сан дээр гэрээ байгуулна. Тариалалтын түлш олгох гэрээний нөхцөлийг 50 хувьийн  урьдчилгаа төлөөд үлдэгдэл төлбөрийг дамжуулан зээлдүүлэх нөхцөлтэйгөөр намрын ургацаас буудайгаар төлүүлнэ.

    Төмс, хүнсний ногоо болон малын тэжээл тариалж буй аж ахуй нэгж, иргэдэд шатахууны дэмжлэг олгохдоо тухайн аймгийн ХХАА-н газраар дамжуулан олгох ба хүнсний ногоонд га 6 литр, малын тэжээлд га-д 8 литрээр тус тус тооцон гэрээ байгуулах ба урьдчилгаа төлбөр 50 хувь төлөөд үлдэгдэл төлбөрийг жилийн эцсээр төлөх нөхцөлтэй олгоно.

БОРДООНЫ ДЭМЖЛЭГ

     2016 онд тус сангаас олгосон бордооны үр дүн өндөр, хэрэглэгчдийн сэтгэл ханамж сайн, мөн бордоо ашигласнаар га талбайгаас авах ургацын хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдсэн ба тус сангаас хийсэн судалгааны үр дүнгээр ажиглагдсан байна. Иймд бордооны дэмжлэгийг цаашид тогтвортой дэмжих нь зүйтэй гэж үзэн 2017 оны тариалалтад зориулж 5.0 мянган тн нийлмэл бордоо зээлийн гэрээний нөхцөлтэй тариаланч аж ахуй нэгжүүдэд олгон дэмжихээр ажиллаж байна. Бордоо олгох гэрээний нөхцөл нь 30%-ын урьдчилгаа, үлдэгдэл төлбөрийн намрын ургацын буудайгаас төлөх нөхцөлтэй олгоно.

Эх сурвалж: ХХААХҮЯам

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%