ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АЙМГИЙН ИТХ-ЫН 2023 ОНЫ 01 САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

2023-01-30

МОНГОЛ УЛСАД ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН ТҮҮХЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ой өнөөдөр буюу Нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож байна.
Одоогоос 31 жилийн өмнө буюу 1992 оны Нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын их хурлын 430 депутат шинэ Үндсэн хуулийг баталж байв. Тус үйл хэрэгт ард иргэдийнхээ төлөөлөл болон Сэлэнгэ аймгаас:
1.Сангажавын Баярцогт (Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч)
2.Гүррагчаагийн Нороврагчаа (аймгийн Урчуудын эвлэлийн салбарын эрхлэгч, зураач)
3.Санжийн Цэвээндорж (Алтанбулаг сумын САА-н дарга)
4.Гончигдаржаагийн Хашбаатар (Хүдэр сумын Тэжээлийн аж ахуйн дарга)
5.Сандагийн Ганболд (Ерөөгийн САА-н тракторч, комбайнч)
6.Ишийн Бадарч (Ерөөгийн МБАА-н дарга, Ерөө хорооны ГЗ-ны дарга)
7.Ренчингийн Баярсайхан (Жавхлант сумын Баянхараатын САА-н дарга)
8.Сүрэнжавын Даваасүрэн (Дулаанхааны МДБ-ын ерөнхий инженер)
9.Ламжавын Батжаргал (Баянгол сумын Баруунхараа САА-н дарга)
10.Дашзэвэгийн Тангад (Зүүнхараагийн СББК-ын эдийн засагч)
11.Жигжидийн Жавзандорж (Мандал сумын Зүүнхараа САА-н дарга)
12.Гүржавын Сүрэнжаргал (Сайхан сумын Номгоны САА-н дарга)
13.Алчайн Амжаа (Орхон сумын САА-н дарга)
14.Мандахын Жамсран (Орхонтуул сумын САА-н дарга)
15.Цогжоогийн Шагдарпүрэв (Баруунбүрэн сумын Бургалтайн САА-н дарга)
16.Жамбын Норовсамбуу (аймгийн МАХН-ын хорооны 1-р нарийн бичгийн дарга)
17.Халтарын Намсрайжав (Хушаат сумын Энхталын САА-н дарга)
18.Жадамбын Бямбаноров (аймгийн Ардын хурал, гүйцэтгэх захиргааны дарга)
19.Нацагийн Дэлгэрмөрөн (Найрамдлын САА-н тракторч, комбайнч)
20.Мулцангийн Доржсүрэн (Зүүнбүрэн сум САА-н дарга)
21.Батын Сайнжаргал (Шаамар сум ТАА-н дарга)
22.Думаажавын Батбаяр (Ой модны аж үйлдвэрийн яамны орлогч сайд) нарын 22 депутат оролцон шинэ Үндсэн Хуулийг батлахад хувь нэмрээ оруулж байсан билээ.
Сэлэнгэ аймгаас Ардын Их Хурлын депутатаар сонгогдон шинэ Үндсэн хуулиа батлалцаж явсан дээрх депутатууд, тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарт мартаж боломгүй түүхэн эл өдрийн мэндийг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс хүргэн, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
************
СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАГШ НАРЫН УРЛАГИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Сэлэнгэ аймгийн багш нарын урлагийн наадам”-ыг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлогын хороо, аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Залуу багш нарын холбоо хамтран аймгийн Засаг даргын ивээл дор 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Тус урлагийн наадамд аймгийн хэмжээний Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт 1700 орчим багш нар гоцлол дуу, хамтлаг дуу, гоцлол бүжиг, хамтлаг бүжиг, чөлөөт үзүүлбэр, хөгжмийн номер, удирдлагын номер зэрэг урлагийн 7 төрлөөр оролцлоо.
Уг наадмыг анх Сэлэнгэ аймгийн Залуу багш нарын холбооноос санаачлан 2016 онд зохион явуулж байсан бол 2023 онд ийнхүү 2 дахь удаагаа аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хороотой хамтран аймгийн Засаг даргын ивээл дор зохион явууллаа.
************
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАН ТАНАА...
Монгол Улсын Нийтийн албан тушаалтан та цахим системд нэвтэрч хувийн ашиг сонирхлын мэдүүлэг ба хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн мэдүүлж, зохих шатны байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах эрх бүхий албан тушаалтанд 02-р сарын 15-ны дотор цаасан хэлбэрээр бүртгүүлнэ үү.
Таны үнэн зөв мэдүүлсэн мэдүүлэг нь иргэд олон нийтээс итгэх итгэлийг бий болгон төрийн жинхэнэ шударга албан хаагч байх нэр төрийн баталгаа болно.
************
УЛС ТӨРИЙН ХҮРЭЭН ДЭХ ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ ЭРЭГТЭЙ МАНЛАЙЛАГЧДЫГ ШАЛГАРУУЛЖЭЭ
Хүний эрхийн Үндэсний Комисс, Жендэрийн үндэсний хороо хамтран “Койка” олон улсын байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Улс төрийн хүрээн дэх жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчид”-ыг 2023.01.17-ны өдөр шалгаруулсан байна.
Нийслэл, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Төлөөлөгч тус бүрээс жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагч тодруулах ажлыг МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн судлаачдын баг гүйцэтгэсэн бөгөөд арга хэмжээний нээлтэд ХЭҮК-ын дарга Ж.Хунан, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн судалгааны зохицуулагч П.Түмэнцэцэг болон сонгон шалгаруулалтаар шалгарсан жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагч нар оролцжээ.
Тус арга хэмжээг нээж ХЭҮК-ын дарга Ж.Хунан “Жендэрийн асуудал бол зөвхөн эмэгтэй хүний асуудал биш. Эмэгтэйчүүд зөвхөн жендэрийн тэгш байдалд анхаарал хандуулах ёстой гэх хэвшмэл хандлага байдаг. Тиймээс жендэрийн асуудалд манлайлж ажиллаж байгаа эрэгтэйчүүдийг тодруулж, тэдний сайн туршлага, жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлахыг ХЭҮК-оос зорьж байна. Энэ хүрээнд Улс төрийн хүрээн дэх жендэрийн мэдрэмжтэй манлайлагчийг үндэсний хэмжээнд сонгон шалгаруулах үйл ажиллагааг анх удаагаа зохион байгуулж байна” гэлээ. Түүнчлэн “Жендэрийн мэдрэмжтэй манлайлагчдаар дамжуулан жендэрийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагаа зохион байгуулах, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нөлөөллийн ажил хийхэд орон нутаг, байгууллагадаа манлайлж ажиллах ёстой” гэдгийг ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул энэ үеэр онцолсон байна.
Сэлэнгэ аймгаас жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчаар аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ц.Баянбаатар шалгарсан байна.
“Улс төрийн хүрээн дэх жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчид”-ыг тодруулснаар жендэрийн эрх тэгш байдалд эрэгтэйчүүдийн дуу хоолой, санаачилгыг нэмэгдүүлэх, Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, цаашлаад олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж, орон нутагтаа жендэрийн асуудлаар төлөвлөгөө гаргаж, манлайлж ажиллах боломжийг нээх ажээ.
*************
ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ХҮРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Сэлэнгэ аймгийн нутгаар цас ихээр орж авто замын зорчих хэсэгт цасан давхарга үүсэж халтиргаа гулгаа нэмэгдсэнтэй холбогдуулан аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагийн менежментийн дагуу хяналт шалгалтыг зохион байгуулж, замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлыг хангаж оролцох талаар сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна.
Иймд авто замуудад хальтиргаа үүсэж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байгаа тул иргэд, жолооч, зорчигч та бүхэн хөдөө, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо:
1.Онцын шаардлагагүй бол хол ойрын замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд замд гарах бол техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, шатах тослох материалын нөөцийг хангалттай авах.
2.Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх.
3.Зуны буюу хээ муутай дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх.
4.Замын нөхцөлд үзэгдэх орчинг зөв тооцоолж, зам, орчны нөхцөлд тохирох хурдыг сонгох, тээврийн хэрэгсэл хоорондын зай барих.
5.Иргэд, зорчигчид хувийн бэлтгэлийг сайтар хангаж дулаан хувцаслаж замд гарах.
6.Жолооч, зорчигч нар хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж, бага насны хүүхдийг хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэн тээвэрлэх.
7.Төөрч, осгохоос болгоомжлох.
8.Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, бага насны хүүхдийг хараа, хяналтгүй орхихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%