ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АЙМГИЙН ИТХ-ЫН 2023 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

2023-09-29

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

2023 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2023 оны 09 дүгээр сард хуралдаангүй байв. Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас дараах ажлуудыг хийж хэрэгжүүллээ.

Үүнд:

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Монгол улсын түүхэнд хар мөрөө үлдээсэн хамгийн эмгэнэлт үйл явдал бол 1937-1939 онуудад илүү өргөн хүрээг хамарч өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт байсан юм. Уг хэлмэгдүүлэлтэд монголын олон мянган иргэд, түүний дотор чадварлаг сэхээтнүүд, төр засгийн байгууллагын болон цэргийн албан тушаалтан, эрдэм мэдлэгтэй лам хуврагууд илүү ихээр өртсөн байна.

Монгол улсад улс төрийн хэлмэгдүүлэлт нь нийгмийн бүхий л давхарга, олон түмнийг нийтээр нь хамарч эхэлсэн 1937 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн жил бүрийн энэ өдрийг “Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон улс орон даяар тэмдэглэж байх тухай УИХ-ын тогтоолын дагуу энэхүү өдрийг 28 дахь жилдээ хүндэтгэн өнгөрүүлж байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-аас нэмэлт өөрчлөлт оруулснаар улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр /нөхөр/ эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80.0 сая төгрөг, мөн хорих ялаар шийтгүүлсэн дээрх хүмүүст 40.0 сая төгрөгийн нөхөх олговор тус тус олгохоор тусгасан.

Өнөөдрийн байдлаар хуулийн дээрх заалтын хүрээнд Сэлэнгэ аймгийн харьяат 64 нэхэмжлэгчдэд нөхөх олговорт 2 тэрбум 965 сая төгрөгийг олгуулаад байна. Үүнийг он тус бүрээр задлан танилцуулбал, 2019 онд 6 нэхэмжлэгчид 281. 0 сая, 2020 онд 34 нэхэмжлэгчид 1.683.0 сая, 2021 онд 3 нэхэмжлэгчид 120.0 сая, 2022 онд 11 нэхэмжлэгчид 401 сая, 2023 онд 10 нэхэмжлэгчид 480 сая төгрөгийн нөхөх олговор олгогдоод байна. Мөн манай аймгаас шүүхийн шийдвэр нь гарч Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст уламжлагдсан 4 нэхэмжлэгчийн 161 сая төгрөгийн нөхөх олговор хүлээгдэж байна.

Сэлэнгэ аймгийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс Сүхбаатар сумын ИТХ-тай хамтран эл өдөр хэлмэгдэгсдийн хойчийн буянд зориулан “Төгс баясгалант номын хүрд хийд”-д буяны ном хуруулах, хэлмэгдэгчдийн дурсгалд зориулсан “Ногоон төгөл”-д тарьсан модоо усалж тордох, хэлмэгдэгчдийн үр хүүхэд төрөл төрөгсдийг хүлээн авч уулзан санал хүсэлтийг нь сонсох зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.

 

ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭСРЭГ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТӨСЛИЙН БАГИЙНХНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хууль зүй дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банкнаас хамтран “G9198/G9221-MON: Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийг манай аймагт аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөр дамжуулан 2017 оноос эхлэн хэрэгжүүлж уг төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байр байгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжих, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг дэмжих хөтөлбөр болон бичил тэтгэлэгт төслийг 10 эмэгтэйд хүргэн ажилласан билээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа уг төслийг хэрэгжүүлэгч багийнхныг өнөөдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр манай аймагт байгуулсан Түр хамгаалах байрны үйл ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. Мөн эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг дэмжих бичил тэтгэлэгт төслийн үр шимийг хүртэгчидтэй уулзалт зохион байгуулж ярилцлаа. Төслийн багийнхан Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Цагдаагийн газрын холбогдох мэргэжилтэн болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, мэргэжилтнүүдтэй уулзаж төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар санал солилцох ажээ.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 09 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажилласан. Ерөнхий сайд манай аймагт ажиллах үеэрээ ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймагт хийгдэх ажил, арга хэмжээний талаар иргэдээс санал авч ажилласан билээ. Иргэдийн саналаар хамгийн өндөр эрэмбэлэгдсэн нь:

1.Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээний шинэчлэл

2.Аймгийн төвийн авто замын сүлжээний шинэчлэл

3.Ерөө сумын төвөөс Бугант чиглэлийн 27.8км авто зам тавих

4.Сүхбаатар, Мандал, Баянгол, Шаамар суманд 1000тн багтаамжтай зоорь барих

5.Мандал сумын төвийн доторх 10.3км хатуу хучилттай зам тавих

6.Хүдэр суманд Соёлын төвийн барилга барих

7.Ерөө суманд Соёлын төвийн барилга барих

8.Сүхбаатар сумын 1, 2, 3, 4, 7 дугаар багт үерийн хамгаалалтын далан байгуулах

9.Мандал суманд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, гадна инженерийн шугам сүлжээ

10.Баянгол суманд 640 хүүхэдтэй бага сургууль

11.Шаамар сумын Дулаанхаан тосгонд 100 ортой хүүхдийн цэцэрлэг барихаар шийдвэрлэлээ.

                                                             

ХИЛИЙН АНГИУДЫН ЗАХИРАГЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Нарантуяа хилийн 0101 дүгээр ангийн захирагч, хурандаа Н.Баяржаргал болон хилийн 0243 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Ганхуяг нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааны талаар болон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хамтын ажиллагааны талаар мөн цаашдын анхаарах асуудлуудын хүрээнд санал солилцлоо.

 

ВААНЧИГИЙН ЦЭНДЖАВЫГ “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАЛАА

“Дэлхийн зөн” олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн захирал асан Ваанчигийн Цэнджавыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнасныг өнөөдөр /2023.09.21/аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар гардуулан өглөө.

В.Цэнджав нь Дэлхийн зөн олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн захирлаар 2004 оноос 2019 оныг хүртэл ажиллаж энэ хугацаандаа Сэлэнгэ аймгийн эрүүл мэнд, байгаль орчин, нийгэм, хөдөө аж ахуйн салбарт олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж, уг төсөл хөтөлбөрүүд одоо ч үр өгөөжөө өгсөөр байгаа юм. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж ийнхүү төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагналаа.

 

 

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ АСУУДЛЫГ ӨРГӨН БАРИЛАА

Өнөөдөр /2023.09.26-ны өдөр/ Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяад аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ЗДТГ-ын хэлтсийн дарга нарын хамт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVII хуралдаанаар болон Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг өргөн барилаа. Үүнд:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар:

1.2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдаанаар:

1.Эрүүл мэндийн байгууллагуудад олгосон санхүүжилт, хийгдсэн хяналт, хасалтын шалтгаан, гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын анхаарах асуудал

2.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, үр дүн, тулгамдаж буй асуудал

3.Хот суурины газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу хийгдсэн Сүхбаатар сумын дахин төлөвлөлтийн ажлын хэрэгжилтийн тайлан

4.2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, явцын мэдээлэл зэргийг хэлэлцүүлэхээр өргөн барилаа.

 

 

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XVII ХУРАЛДААНЫ ТОВЫГ ТОГТООЛОО

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн "Хуралдааны тов тогтоох тухай" А/38 дугаар Захирамжаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVII хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр товлон хуралдуулж, дараах асуудлуудыг хэлэлцүүлэхээр боллоо. Хуралдаанаар:

1.2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай

2.Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай

3.Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

4.Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай

5.Зөвшөөрлийн хугацаа сунгах тухай

6.Ажлын хэсэг байгуулах тухай

7.Бусад асуудал зэргийг хэлэлцэнэ.

 

 

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хууль зүй дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “G9198/9221-МОН: Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд 2023 оны 09 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд аймгийн Хамтарсан багийн гишүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж, хамтарсан багуудад нэгдсэн арга зүй, аргачлалын дагуу Хамтарсан багаас үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар гэр бүлийн хүчирхийллийг бууруулах үндсэн зорилгоор тус сургалтыг зохион явуулж байгаа юм.

Манай аймагт хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй хамгийн ойроос тэмцэн ажиллаж, зохих үйлчилгээ үзүүлдэг Хамтарсан багийн 240 гишүүд ажилладгаас 2 өдрийн сургалтад 150 гаруй гишүүд суралцаж байгаа юм. Эхний өдрийн сургалтад сумын Засаг дарга нар, Багийн Засаг дарга нар, Багийн нийгмийн ажилтан, Хэсгийн ахлагч нар суралцаж байгаа бол 2 дахь өдрийн сургалтад эмч, цагдаагийн алба хаагч, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, халамжийн нийгмийн ажилтан нар хамрагдах юм.

Сургалтаар “Жендерт суурилсан хүчирхийлэл: Гэр бүлийн хүчирхийллийн үндсэн ойлголтууд”, “Хамтарсан багийн удирдлага зохион байгуулалт: Хамтарсан багийн ахлагч- Засаг даргын үүрэг оролцоо, Хэсгийн ахлагчийн гүйцэтгэх үүрэг”, “Хамтарсан баг ба нийгмийн ажил үйлчилгээ: Нийгмийн ажилтны үүрэг оролцоо”, “Хамтарсан баг ба бусад оролцогчдын үүрэг оролцоо: Нийгмийн ажилтны үүрэг оролцоо, ТББ-ын гүйцэтгэх үүрэг”,” Кейс менежмент түүний алхмууд”, “Хамтарсан баг ба эрүүл мэндийн үйлчилгээ: Өрхийн эмнэлгийн гүйцэтгэх үүрэг”, “Хамтарсан баг ба боловсролын үйлчилгээ: Сургуулийн нийгмийн ажилтны гүйцэтгэх үүрэг”, “Хамтарсан баг ба халамжийн үйлчилгээ: Халамжийн нийгмийн ажилтны үүрэг”, “Хамтарсан баг ба хууль сахиулах ажиллагаа: Хэсгийн байцаагчийн үүрэг, оролцоо”, “Хамтарсан баг ба нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ” зэрэг сэдвийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш нарын удирдлага, туршлагаас суралцана.

 

 

 

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%