ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН “СЭЛЭНГЭ ЦЭНГЭГ УС” ОНӨААТҮГ-Т АЖИЛЛАЛАА

2024-11-02

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон болон Зөвлөлийн гишүүд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Сэлэнгэ цэнгэг ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт очиж үйл ажиллагааны тайланг нь сонсож, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцлаа.
Тус байгууллагын хувьд иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангаж, стандартад нийцсэн хаягдал усыг татан зайлуулах зорилготой Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг суманд тусгай зөвшөөрлийн дагуу усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Тус байгууллага Захиргаа аж ахуй, Цэвэр усан хангамжийн алба, Ариутгах татуургын алба, Автограж нийтлэг үйлчилгээний алба гэсэн 4 албанд 121 батлагдсан орон тоотойгоос одоогоор 84 ажилчидтай ажиллаж байна.
2024 оны өвөлжилтийн бэлтгэлд 28 ажил төлөвлөснөөс 15 ажил бүрэн хийгдэж 53.6 хувийн биелэлттэй байна. Сүхбаатар суманд нийт 27 ус түгээх байр байдгийн 18 нь төвийн шугамынх, үлдсэн 9 нь зөөврийн ус түгээх худаг байдаг ажээ. Энэ онд аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 5 тоннын багтаамжтай зөөврийн ус түгээх машинтай болсноор Сүхбаатар сумын 9 зөөврийн ус түгээх байранд ус зөөвөрлөх ажил тасралтгүй явагдаж байна. Өнгөрсөн онд төв цэвэрлэх байгууламжид хаягдал усны цэвэрлэгээний түвшин ихээр доголдож, муудаж, үнэр ихээр үнэртсэн гэх гомдлын дагуу 2024 оны эхэнд Сүхбаатар сумын Онцгой комиссын шийдвэрээр 62 сая төгрөгийн өртөгтэй 2 агаарын машиныг шийдвэрлэж өгснөөр одоогоор төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж байгаа гэлээ.
Тус байгууллагын хувьд дараах хоёр тулгамдсан асуудлыг аймгийн ИТХ-ын дарга, Зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Үүнд:
1.Усны эх үүсвэрээс цэвэрлэх байгууламж хүртэлх бүх объектын цахилгааны кабель шугамууд ихээхэн гэмтэлтэй, нөөцийн кабель шугамгүй байгаа нь эрсдэл дагуулж байна.
2.Усан хангамжийн шугам сүлжээний насжилтын хувьд 1960-1992 оны шугам 82.3%, 2003 оны шугам 17.7% байна. Ариутгах татуургын шугам сүлжээний насжилтын хувьд 1972-1989 оны шугам 22.8%, 1992 оны шугам 77.2% байна. Усан хангамж болон ариутгах татуургын шугам хоолойн насжилт өндөр байгаагаас сүүлийн 3 жилийн хугацаанд 38 удаагийн шугамын гэмтэл гарсан. Насжилт дуусаж элэгдэлд орсон яаралтай шинэчлэх шаардлагатай 13.8 км шугам сүлжээний шинэчлэлийн ажлын зураг төсвийг ирэх оны аймгийн төсөвт тусган шийдвэрлүүлэх хүсэлт тавилаа.
“Сэлэнгэ цэнгэг ус” ОНӨААТҮГ-ын дарга А.Алтансүх хэлэхдээ “Тус байгууллагын хамт олон Сүхбаатар хотыг нэг өдөр ч, нэг минут ч, нэг секунд ч усгүй байлгахгүйн төлөө хөдөлмөрлөж хичээж байгаа, үүнийг маань аймгийн үе үеийн ИТХ, Засаг дарга ойлгож дэмжиж ажилласаар ирсэн. Жишээлбэл, Өнгөрсөн онд аймгийн хөрөнгө оруулалтаар 280 сая төгрөгөөр өрмийн машинтай болж энэ жилд 10 худаг ухах ажил гүйцэтгэж, үүнийхээ ашиг үр дүнд нь 3-р багт гүний худаг ухаж бэлдээд байна. ОУ-ын Дэзэрэт байгууллагаас ус түгээх 7 худгийг ухаалаг болгосон. Энэ оны аймгийн төсөвт бохир соруулах тээврийн хэрэгслийг 150 сая төгрөгөөр батлан одоо тендерийн ажил зарлагдаад явж байна. Удахгүй шийдвэрлэгдээд бохирын машины эвдрэл гэмтэлтэй холбоотойгоор бохир соруулах ажил хүндрэлтэй байсан нь шийдэгдэнэ гэж ойлгож байна” гэлээ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон болон Зөвлөлийн гишүүд тус байгууллагын тулгамдсан асуудлын талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулж зарим нэгэн асуудлыг боломжит нөхцөл байдлаар хэрхэн дэмжиж болох талаар ярилцахаар тохирлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%