Өнөөдөр Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон болон Зөвлөлийн гишүүд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын шинэ барилгад очин үйл ажиллагаатай нь танилцлаа.
Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь 3 нэгжид 43 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. 2024 оны III улиралд Сүхбаатар сумын Баянхан 4-р багт байрлах “Хүүхэд хөгжлийн төв”, “Нөхөн сэргээх, хүүхэд, хамгааллын төв”-ийг улсын комисс хүлээн авч 9 дүгээр сараас үйл ажиллагаагаа тус шинэ байрнаас явуулж эхлээд байгаа юм.
Хүүхэд хөгжлийн төвд энэ оны 11 дүгээр сарын байдлаар “Хатад” бүжгийн дугуйлан, “Соробан” сампин, Төгөлдөр хуур, Илтгэх урлаг, Unitel HUB зэрэг хүүхдэд чиглэсэн хөгжлийн үйл ажиллагаа явагдаж 1700 гаруй хүүхдэд үйлчилгээ үзүүлээд байгаа ажээ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүн тус байгууллагын үйл ажиллагаатай танилцсанаар Хүүхэд хөгжлийн төвийн морин хуур, үндэсний хөгжим, англи хэл зэрэг дугуйлангуудад шаардлагатай тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсгийн дэмжлэгийг үзүүлэхээр газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.