“Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд орон нутгаас анх удаа Төвийн бүсийнхэн Дархан-Уул аймагт чуулж цаашдын хөгжлөө ярилцаж байна.
Энэ удаагийн чуулганы зорилго нь Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүс орон нутгийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг шийдвэрлэх, харилцан санал солилцож нэгдсэн ойлголтод хүрэхээр зохион байгуулагдаж байна.
Төвийн бүсийн хөгжлийн чуулган-Шинэ стандарт зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд гадаад, дотоодын зочид төлөөлөгчид оролцож байна.
Төвийн бүс нь Монгол Улсын хөгжлийн стратегийн төв бөгөөд хувийн хэвшлийн ААН-үүдийг дэмжих, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, оновчтой зохион байгуулах замаар бүсчилсэн хөгжлийг идэвхтэй явуулахаар зорьжээ.
Энэ хүрээнд Тусгай бүс, Хуурай боомт, Чөлөөт бүс, Үйлдвэрлэл технологийн паркуудад үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн борлуулалтын сувгуудыг дэмжих шаардлагатай ба борлуулалтын бүсүүдийг 21 аймагт 70 суурин төв, 91 хөгжлийн төвийг байгуулахаар тооцсон. Орон нутгийн хөгжлийн 10 төвийг төвийн бүсэд байгуулахаар төлөвлөжээ.
Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж Засгийн Газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 6361 хоршоо байгуулж 66.000 гаруй малчин гишүүн болсны 700 гаруй нь төвийн бүсэд байгаа юм. Таван сарын хугацаанд нийт 14808 малчинд 517 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон бол төвийн бүсийн хэмжээнд ХАА-г дэмжих чиглэлд 80.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогджээ.
Мөн бүсчилсэн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд Сэлэнгэ аймагт 10 төсөл, Дархан-Уул аймагт 11 төсөл, Төв аймагт 14 төсөл хэрэгжиж байна.
Засгийн газар цаашид Төвийн бүсийг ХАА, газар тариалангийн бүс нутаг болгон кластераар хөгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд Дархан-Уул аймагт ХХААХҮЯ-ыг нүүлгэн төвлөрүүлсэн нь Засгийн Газрын бодлого бодитоор хэрэгжиж байгааг харуулж байна гэж чуулганд оролцогчид онцолж байна.
Чуулган салбар хэлэлцүүлгээр үргэлжилж байгаа бөгөөд бүсийн тэргүүлэх чиглэл, онцлогт тулгуурлан хөгжлийн зорилтот хөтөлбөр боловсруулах, төлөвлөлт, санхүүжилт, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хэлэлцэх юм. Мөн “Бүсийн хөгжил”, Бизнесийн хөгжил, “Орон нутгийн хөгжил” зэрэг салбар хуралдаанууд, “Тэсвэртэй хот” олон улсын форум, “Монголын энтрепринерүүдийн Нэгдсэн чуулган” зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана.
Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн бүх шатны Засаг дарга нар, холбогдох төрийн байгууллагууд, олон улсын байгууллага, эрдэмтэд, төр, хувийн хэвшил, иргэд олон нийт зэрэг 500 орчим төлөөлөл уг чуулганд оролцож байна.