Өнөөдөр буюу 04-р сарын 21-ний өдөр аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Ж.Болор-Эрдэнэ, А.Хатансайхан, Төлөөлөгч У.Энхмаа, Г.Цогтбаатар нар Монгол Улсын Засгийн газрын “Хил орчмын аялал жуучлалыг хөгжүүлэх” зорилтын хүрээнд Улаанбаатар төмөр замын Аялал жуучлалын товчоо болон БНХАУ-ын Хөх хотын Төмөр замын Олон улсын аялал жуулчлал, зар сурталчилгааны группийн хооронд жуулчин солилцох хамтын ажиллагааны нээлтийн ёслолд оролцлоо. Ёслолын ажиллагаанд хоёр талын албаны төлөөлөл, зочид, жуулчид хүрэлцэн ирлээ.
Хамтын ажиллагааны гэрээний дагуу өнөөдрөөс эхлэн 11-р сарын 1-нийг хүртэл долоо хоногт хоёр удаа тус бүр 100 “Өдрийн жуулчин” Замын-Үүд сумаар аялахдаа Улаанбаатар төмөр замын Аялал жуулчлалын товчооны харьяа “Жинчин” төв болон “Дорнийн говь-1” жуулчны баазаар үйлчлүүлж, Монголын уламжлал зан заншилтай танилцах, үндэсний соёл урлагийн тоглолт үзэж, “Жинчин” төвд шинээр үүд хаалгаа нээж буй “MADE IN MONGOLIA” дэлгүүрээс худалдан авалт хийх аж. “Өдрийн жуулчин” гэдэг нь хамтрагч хоёр талын тохиролцсон маршрутын дагуу аялаад тухайн өдөртөө багтаж хил даван буцах богино хугацааны жуулчид юм.
Дорноговь аймаг болон бүс нутагт аялал жуучлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан нээлтийн ёслол Замын-Үүд суманд амжилттай болж өндөрлөлөө.