ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ

2017-05-19

ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ

 

Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт сүм хийд, шашны байгууллагын харилцааг зохицуулах журмын төсөл боловсруулагдаж байгаа тул иргэд, сүсэгтэн олон та бүхэн саналаа ирүүлнэ үү.

Санал өгөх утас: 70520001

Цахим хаяг: ith.oyunsuren@gmail.com

Мөн та Нутгийн удирдлагын ордны 101.3 тоот өрөөнд биечлэн ирж саналаа өгч болно.

 

 

ДОРНОГОВЬ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СҮМ ХИЙДИЙН

ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ,  ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ,

ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХАД БАРИМТЛАХ ЖУРМЫН ТӨСӨЛ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Монгол улсын Төр сүм хийдийн харилцааны тухай хууль болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын үзэл санааг орон нутагт хэрэгжүүлэх, шүтэн бишрэх эрхийнхээ дагуу иргэд, сүм, хийд шинээр байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, цуцлах, хугацааг сунгах болон тухайн шашны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавихад энэхүү журмыг дагаж мөрдөнө.

 

1.2. Энэхүү журмын хамрах хүрээ нь Дорноговь аймгийн Нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уламжлалт болон уламжлалт бус сүм хийд, шашны байгууллагыг /салбар байгууллага/ ойлгоно.

 

Хоёр. Сүм, хийд шинээр байгуулахад бүрдүүлэх баримт бичиг

2.1. Шашны байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл хүссэн иргэд дараах бичиг баримтыг Монгол улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн бүрдүүлнэ.

2.1.1. Сүм, хийд, төв байгуулах шаардлага, үйл ажиллагааны онцлогийг тусгасан өргөдөл,

2.1.2. Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалтын шаардлагыг бүрэн хангаж батлагдсан дүрэм,

2.1.3. Шашны байгууллага байгуулах тухай үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр, дэлгэрэнгүй тэмдэглэл,

2.1.4. Сүм, хийдийн зорилго, шашны номлолын үндсэн үзэл санаа, үйл ажиллагааны зарчим хэлбэр, гадаад харилцааг тайлбарласан дэлгэрэнгүй танилцуулга,

2.1.5. Тухайн сүм, хийдийн үүсгэн байгуулагчдын болон дээд шатны байгууллагын удирдлагууд, гадаадын зөвлөх, ахлагч, номлогчийн хувийн мэдээллийг бүрэн багтаасан бүртгэл /овог нэр, регистрийн дугаар, нас, хүйс, боловсрол, эрхэлсэн ажил, гэрийн хаяг, холбогдох утас,фото зураг, шашны ямар боловсрол хэзээ, хэрхэн эзэмшсэн тухай түүнтэй холбогдох гэрчилгээний дугаар, гэр бүлийн байдал, оршин суугаа газрын тодорхойлолт, цахим шуудангийн хаяг, гадаадын иргэн болон харьяалалгүй этгээдийн шилжилт  хөдөлгөөний тодорхойлолтыг холбогдох газраас авсан байх  г.м/,

2.1.6. Шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах газрын зөвшөөрөл олгосон албан ёсны шийдвэр, үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, объект түрээслэх тохиолдолд холбогдох эрх бүхий хуулийн этгээдийн зөвшөөрөл, гэрээ,

2.1.7. Үйл ажиллагаа явуулах байр, танхим нь эрүүл ахуйн шаардлага, Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөр, эрүүл ахуйн байцаагчийн дүгнэлт, техникийн нөхцөл зэргийг хангасан байх,

2.1.8. Тухайн сүм хийдийн байранд гамшиг осол, гал түймэр гарсан үед  хүн, эд хөрөнгийг авран гарах авралтын схем зураг, гарах гарцыг заасан тэмдэг тэмдэглэгээ,  ховор нандин, түүхийн дурсгалт үнэ бүхий зүйлс байгаа тохиолдолд тэдгээрийн аюулгүй байдлыг хамгаалах галын дохиолол, /камерын систем/ гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх самбар байрлуулсан байх,

2.1.9. Шашны байгууллагаас сүсэгтэн олон, итгэгчдийн дунд зохиох ажлын гол агуулга, чиглэл, шашны зан үйлийг явуулахад шаардагдах ном судар, бусад хэрэгслийн жагсаалт,

2.1.10. Шашин, сүм хийдийн үйл ажиллагаа явуулах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаа, санхүүжилтийн тухай танилцуулга, тусламж, хандив зардлын тооцоо,

2.1.11. Насанд хүрээгүй иргэнийг шашны байгууллагын үйл ажиллагаанд оролцуулахдаа хүүхдийн фото зураг, эцэг эхийн гарын үсэг, холбоо барих утасны дугаар, иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргасан байх /итгэгчдийн хүүхдэд адил хамаарна./ зэрэг шаардлагыг тусгасан албан ёсны бүртгэлтэй байх ба суурь боловсрол эзэмшиж буй байдлыг тасалдуулахгүй түүнийг нотолсон баримт заавал эзэмшүүлэх,

2.1.12. Тухайн шашны байгууллага байгуулахыг дэмжсэн баг, хорооны Иргэдийн нийтийн Хурлын тогтоол, тэмдэглэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал, дүгнэлт,

2.1.13. Орон нутгийн Цагдаагийн газар болон Тагнуулын газраас үйл ажиллагаа явуулахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг гаргуулсан байх,

2.1.14. Сүм, хийд байгуулах талаар аймгийн Засаг даргаас өгсөн санал

2.1.15. Улсын бүртгэлийн газрын нэр давхацсан эсэхийг тодруулсан лавлагаа

2.2. Зөвшөөрөл хүссэн Монгол Улсын иргэн, Гадаадын иргэн, Харьяалалгүй этгээд энэхүү журмын 2.1-т заасан баримт бичгийг бүрдүүлэн аймгийн ИТХ-ын ажлын албанд ирүүлнэ.

 

 

Гурав. Шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгуулахад бүрдүүлэх баримт бичиг 

3.1.  Хугацаа сунгахыг хүссэн өргөдөл

3.2. Тухайн зөвшөөрлийн хугацаанд сүм, хийд, шашны байгууллагаас явуулсан үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан

3.3. Татварын хэлтэс, нийгмийн даатгалын хэлтэс болон бусад байгууллагад өргүй болохыг баталсан  тодорхойлолт

3.4. Үйл ажиллагааны талаар тухайн багийн Засаг даргын тодорхойлолт

3.5.  Тухайн нутаг дэвсгэрт цаашид үйл ажиллагаа явуулахад боломжтой эсэх талаар сумын Засаг даргаас сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд гаргасан санал

3.6. Тухайн шашны байгууллагын үйл ажиллагааг цаашид явуулах эсэх талаар гаргасан  сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн олонхийн санал

3.7. Шашин, сүм хийд нь зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө дээрх материалыг бүрдүүлэн аймгийн ИТХ-ын ажлын албанд ирүүлсэн байна.

 

 

Дөрөв. Шашны байгууллага шинээр байгуулах болон үйл ажиллагааны хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх

4.1. Шашны байгууллага шинээр байгуулах болон үйл ажиллагааны хугацааг сунгах хүсэлтийг аймгийн ИТХ-ын Ажлын алба хүлээн авна.

4.2. Шашны байгууллага шинээр байгуулах болон үйл ажиллагааны хугацааг сунгахаар ирүүлсэн баримт бичгийн бүрдлийг аймгийн ИТХ-ын Ажлын албаны ажилтан хууль, журамд заасны дагуу хянаж, судална.

4.3. Бэлэн болсон материалыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргад танилцуулна.

4.4. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга нь шашны байгууллага шинээр байгуулах болон үйл ажиллагааны хугацааг сунгах хүсэлтийг хянан  үзэж, бэлэн болсон тохиолдолд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, тогтоол гаргана.

4.5. Шинээр шашны байгууллага байгуулах, үйл ажиллагааны эрхийг сунгуулахаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тохиолдолд хүсэлт гаргагчид энэ тухайгаа заавал мэдэгдэнэ.

4.6. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид нь шинээр байгуулагдаж байгаа шашны байгууллагуудын зөвшөөрлийн асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар 2  жилийн хугацаагаар олгоно.

4.7. Сүм, хийдийн үйл ажиллагааны зөвшөөрлийн хугацааг тухайн сүм, хийдээс ирүүлсэн тайлан, өмнөх хугацаанд хийгдсэн хяналт шалгалтын дүгнэлт зэргийг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн сунгах эсэх асуудлаар шийдвэр гаргах ба 3 жил хүртэл хугацаагаар сунгаж болно.

4.8. Шашны байгууллагын зөвшөөрлийг олгохдоо бусад шашны сүм хийдүүд нь уламжлалт бурхны шашны сүм хийдүүдээс ихгүй байхаар зохицуулна.

 

 

Тав: Үйл ажиллагаанд хяналт тавих

5.1. Зөвшөөрөл авсан сүм, хийд, шашны байгууллагын үйл ажиллагаанд аймаг, сумдын ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг дарга болон Цагдаагийн газар, Тагнуулын газар зэрэг холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллана.

5.2. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс холбогдох эрх бүхий төлөөлөгчид, ажлын албаны ажилтныг оролцуулсан ажлын хэсгийг байгуулан жилд нэг удаа  сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус/шаардлагатай тохиолдолд/ хяналт шалгалт хийж, хууль тогтоомж, журамд нийцэж байгаа эсэх талаар танилцуулна.

5.3. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан шашны байгууллага, бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, гэрчилгээ авна. Татвар болон нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлнэ.

5.4. Зөвшөөрөл авсан шашны байгууллага нь анх батлагдсан дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулах бөгөөд дүрэмд өөрчлөлт оруулах, сүмийн ахлагч өөрчлөгдөх, үйл ажиллагааны чиглэл болон байр, байршил өөрчлөгдөх тохиолдолд заавал энэ талаарх мэдээллийг аймгийн ИТХ-ын ажлын албанд болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тухай бүр албан ёсоор мэдэгдэж зөвшөөрөл авна.

5.5. Тухайн зөвшөөрлийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, лам, санваартан, пастор ахлагч, итгэгчдийн тоо зэрэг мэдээллийг улирал тутам аймгийн ИТХ-ын Ажлын албанд хүргүүлсэн байна.

5.6. Сүм хийд, шашны байгууллагын талаар иргэдээс ирүүлсэн санал, гомдол хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэнэ.

5.7. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, иргэдийн зан заншил, үндэсний онцлогт харшилсан аливаа үйл ажиллагаа  явуулсан нь тогтоогдвол тухайн шашны байгууллагын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч, шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүлнэ.

 

 

Зургаа. Хориглох зүйл

6.1. Тухайн сүм хийд нь батлагдсан дүрмээс гадуур үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

6.2. Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, иргэдийн зан заншил, үндэсний онцлогт харшлах болон хүмүүнлэг бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

6.3. Шашны үйл ажиллагааг иргэдэд хууль бусаар сурталчлах, гудамж талбайд сурталчилгааны зурагт самбар байрлуулах, иргэдийг өөртөө татах зорилгоор бэлэг дурсгалын зүйл өгөх, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулах,

6.4. МСҮТ, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагуудад шашны сургалт, цугларалт зохион байгуулах, багш нар өөрсдийн шүтдэг шашныг хүүхдэд шууд болон шууд бус  ямар нэгэн хэлбэрээр сурталчлах,

6.5. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрт шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулах / Салбар байгууллага байсан ч энэ заалт хамаарна./

6.6. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

6.7. Иргэний эрх зүйн чадамжгүй этгээдийг сүм хийдийн үйл ажиллагаанд татан оролцуулахыг хориглоно.

6.8. Сүм, хийдийн барилга байгууламжид тэдгээрийн ахлагч, удирдах зөвлөлийн гишүүдээс бусад этгээдийг байршуулах, түр хугацаагаар орогнуулахыг хориглоно.

6.9. Сүм, хийд нь бусад төрлийн төрийн бус байгууллагыг үйл ажиллагаандаа татан оролцуулах, түүний нэр дээр шашны үйл ажиллагаа явуулах, өөрийн эзэмшлийн болон өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр шилжүүлэхийг хатуу хориглоно.

6.10. Сүм хийд, шашны байгууллага нь үйл ажиллагаагаа зогсоохоор шийдвэрлэвэл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд хандаж албан ёсны шийдвэр гаргуулна.

6.11. Гадаадын террорист үйл ажиллагаа явуулдаг болон явуулдаг байж болох, мөнгө угаах зэрэг гэмт хэргийг үйлдэж болзошгүй иргэд байгууллагуудтай холбогдох, хамтран ажиллахыг хориглоно.

6.12. Эх үүсвэр нь тодорхойгүй мөнгө, хандив авахыг хориглоно.

6.13. Зөвшөөрөл авсан сүм хийд нь өөрийн салбарыг бусад газарт нээхийг, заагдсан нутаг дэвсгэрээс өөр байршилд үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

 

 

Долоо. Шашин, сүм хийдийн байгууллагын үйл ажиллагааг зогсоох

7.1. Шашны байгууллага нь үйл ажиллагаагаа өөрөө зогсоохоор шийдвэрлэвэл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс шийдвэр гаргана.

7.2. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс аливаа шашны байгууллагын үйл ажиллагааг зогсоосон тухай шийдвэр гармагц улсын бүртгэлийн газар, тухайн шашны байгууллага байрлаж байсан нутаг дэвсгэрийн татварын болон цагдаагийн байгууллагад албан ёсоор мэдэгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.

7.3. Тухайн шашны байгууллагын үйл ажиллагааг зогсоохоор гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл хууль тогтоомжийн дагуу шүүхэд гомдол гаргаж болно.

7.4. Төр сүм, хийд харилцааны тухай хууль, энэхүү журмын заалтыг зөрчсөн тохиолдолд зөвшөөрлийн хугацааг цуцлан, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

 

-оОо-

 

 

 

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%