Олон Улсын Хүүхдийн эрхийн өдрийг тохиолдуулан эх орон, төрөлх нутгийнхаа ирээдүй болсон хүүхэд багачууддаа, энэрэл хайрын дээд үлэмжийн төгс төгөлдөр эхчүүддээ баярын мэнд хүргэж, хүүхэд бүр элэг бүтэн, энх тунх, аз жаргалтай амьдарч, эрдэм боловсролтой сайн хүн болохын өлзийтэй ерөөлийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
Анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан түүхтэй.
Эх үрсийн баяр, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг үр хүүхэдтэйгээ ярилцаж, тэдний бяцхан ертөнцийг сонсож ойлгох, гэр бүлийн амьдрах орчин, сурч хүмүүжих нөхцөл нь хүүхдэд тааламжтай байгаа эсэхэд анхаарч, хүүхдийн инээдээр цалгисан сайхан өдөр байгаасай гэж хүсэж байна.
Бид гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн чиглэлийн асуудлуудыг чухалчлан авч үзэж, хүүхдийг хөгжих, суралцах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох нөхцөл боломжийг бүрдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, тэдэнд сайн сайхан гэрэлт ирээдүйг цогцлоон бүтээхийн төлөө ажилласаар байна.
Үр хүүхдийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулан сайн сайхан амьдралд хүргэхийн төлөө хөтлөн яваа эцэг эхчүүддээ, хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр хөөр баяр инээд баяслаар дүүрэн байгаа хүүхэд багачууддаа баярын мэндийг дахин хүргэж, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Монголын үрс маш олон болтугай!