Дорноговь аймаг болон Япон улсын Шизүока мужийн хоорондын хамтын ажиллагааны 6 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн өдрийг тохиолдуулан Шизүока мужийн Засаг даргын гадаад харилцааны зөвлөх Тоого Казухико тэргүүтэй төлөөлөгчид Дорноговь аймагт 6 дугаар сарын 04-ний өдөр айлчлал хийж байгаа бөгөөд энэ өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Түмэнбаяр хүлээн авч уулзлаа.
Анх 2010 оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Япон Улсад айлчлах үеэр аймаг, муж хоорондын хамтын ажиллагааны эхний хэлэлцээр хийгдсэн байдаг бол 2011 оны 7 дугаар сард Шизүока мужийн төлөөлөгчид Дорноговь аймагт айлчлан тодорхой салбаруудад хамтран ажиллах гэрээ байгуулж байжээ. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд сурагч солилцооны хөтөлбөр, төр захиргааны салбарын албан хаагчид, дэд бүтэц, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд Шизүока мужид айлчлан туршлага судалсан билээ. Энэхүү найрамдалт хамтын ажиллагааны уулзалтын үеэр Шизүока мужийн Засаг даргын зөвлөх Тоогоо Казухико нь Дорноговь аймаг болон Япон улсын Шизүока муж хоорондын гадаад хамтын ажиллагааг шинэ шатанд улам өргөжүүлэх болохоо онцлон дурдлаа.