Эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт ард иргэддээ Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96, Дорноговь аймаг байгуулагдсаны 86, Сайншанд хот үүсэн байгуулагдсаны түүхт 56 жилийн ойн баярын мэндийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
Үндэсний их баяр наадам маань эрт дээр үеэс туурга тусгаар Монгол Улсын сүр хүч, сүлд хийморь, Монгол түмний эрдэм чадал, эв эеийн баталгаа, энх амгалан амьдралын илэрхийлэл болсоор ирсэн билээ.
Аймаг орон маань хөгжил дэвшлийн төлөө дэвшин тэмүүлж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд ид хийгдэж байна. Хатанбулаг, Мандах сум төвийн эрчим хүчний системд холбогдон, байнгын цахилгааны эх үүсвэртэй болсон баярт үйл явдал саяхан болж өнгөрсөн. Бид төлөвлөсөн олон ажлуудаа цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийн тулд шаргуу хичээн ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд Дорнын говиороо овоглосон олон иргэд маань Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 8, Алтан гадас одон 62, Хөдөлмөрийн хүндэт медаль 45, Цэргийн хүндэт медаль 18, Цэргийн гавьяаны одон 2 зэрэг төрийн дээд алдар цол хүртэж, Алдарт эхийн 1, 2 дугаар одонгоор 149 эх энгэрээ мялааж, улс орон тив дэлхийд нэрээ дуурсгасан авьяас билэгтнүүд олноор тодорч, эх нутгийнхаа нэр сүрийг улс орондоо дуурсгалаа.
Наадмын маргааш намар гэдэг. Баяр цэнгэл наадмаасаа бид бүтээж туурвихын эрч хүч авч, намар, өвлийн бэлтгэлээ базааж эхлэх нь эн тэргүүний зорилт юм.
Догшин ноён хутагтаараа овоглодог Дорноговьчуудын маань идэр чийрэг бөхчүүд нь хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж дэлхийд ганцхан Монгол наадмаараа хотол түмнээрээ сайхан наадаарай.