Аймаг орон нутагтаа ажиллаж, амьдарч, гавьяаныхаа амралтыг эдлэн суугаа эрхэм хүндэт ахмадууд
та бүхэндээ Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон
хувиасаа Ахмадын өдрийн баярын мэндийг дэвшүүлж, эрүүл энх, урт удаан наслахын
өлзийтэй ерөөлийг өргөе.
1990 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил
бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын Ахмадын өдөр”, 1992 онд Монгол
Улсын Засгийн Газраас мөн өдрийг “Монголын Ахмадын өдөр” болгон зарласанаас
хойш өнөөг хүртэл тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай болсон.
Манай аймгийн нийт хүн амын 5,6 хувийг ахмад
настангууд эзэлж байна. Бид нийгмийн хамгааллын талаар төрөөс баримтлах бодлого
шийдвэр, ИТХ-аас баталсан аймгийн Засаг
даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд
ахмадуудаа ая тухтай, сэтгэл хангалуун,
аз жаргалтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бүхий л чиглэлд
анхаарал хандуулан ажиллаж байна.
Улс, эх орныхоо тусгаар тогтнол, бүтээн
байгуулалт, сайн сайхан хөгжил дэвшлийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулж
явсан буянт буурлуудын маань хөдөлмөрийн үр болж манай аймаг өдрөөс өдөрт өнгө
нэмэн, урагшлан хөгжиж байна.
Үр хүүхэд, ач зээдээ үлгэр дууриалал болж,
үнэтэй сургаалиа хайрлан ирсэн үе үеийн ахмад буурлууддаа Монголын ахмадын
өдрийн баярын мэндийг дахин хүргээд төр түмэндээ түшиг нь болж явахыг хүсэн
ерөөе.