Догшин ноён Хутагтын өлгий нутаг Дорноговь аймагтаа ажиллаж хөдөлмөрлөж, бүтээж туурвиж яваа ард иргэдийнхээ амар амгаланг айлтган, айлчлан ирж буй 2018 оны шинэ жилийн баярын мэндийг аймгийнхаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
Хуучин он солигдож, шинэ он гарах мөчид хувь хүн, айл өрх, албан байгууллага бүр дэвшүүлсэн зорилго, зорилт, хийж бүтээснээ дүгнэн хэлэлцэж, алдаа оноогоо ярилцаж, цаашдын ажлаа төлөвлөдөг билээ.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө Нутгийн Өөрөө Удирдах Ёсны байгууллагыг бэхжүүлж, ард иргэдээ сонсож, санал хүсэлтийг нь хүлээн авч, бодлого шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төлөөлөгчдийг чадавхжуулан идэвхжүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн билээ. Эдгээр зорилтын хүрээнд аймгийнхаа эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт, хөгжлийн дэд хөтөлбөрүүд, журмуудыг хэлэлцэн баталж, хэрэгжилтэд хяналт тавин ажилласан. Ард иргэдтэйгээ илүү ойртон ажиллахын тулд иргэний танхимын үйл ажиллагааг идэвхжүүлэн тогтмолжуулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах хялбар дэд бүтцийг бий болгон түргэн шуурхай хариу өгч, өргөдөл гомдлын мөрөөр хяналт шалгалтын ажлуудыг зохион байгуулсан. Мөн сумдын ИТХ, багийн ИНХ-ын үйл ажиллагааг дэмжин, ажиллах нөхцөл боломжийг сайжруулж, төлөөлөгчид, БИНХ-ын дарга, ажилтнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалт хэлэлцүүлгүүдийг шат дараатай зохион байгуулсан зэрэг дэвшилттэй ололттой олон ажлыг хийж хэрэгжүүллээ.
Дорноговь аймаг 2017 оныг “Их бүтээн байгуулалтын жил" болгон зарласан билээ. Энэ ажлын хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Тамгын газар, дэргэдэх хэлтэс албадууд, төрийн ба төрийн бус байгууллагууд нягт хамтран ажиллаж, их бүтээн байгуулалтын олон ажлыг өрнүүлснээр аймгийн маань өнгө үзэмж дээшилж, хүн амын маань ая тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөл өдрөөс өдөрт сайжирсаар байна.
Цаашид бид бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг үргэлжлүүлэх, иргэдэд хүргэж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөг дээшлүүлэхэд онцгой анхаарах, иргэд ба төлөөлөгчдийн хамтын ажиллагаа, харилцааг ойртуулан сайжруулж төлөөлөгчийн өдрийг тогтмол зохион байгуулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр онцгойлон анхаарч, 2018 оны төлөвлөгөө бодлого шийдвэртэй тусган, хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.
Элэг нэгт Монгол
ахан дүүс та бүхэндээ ирж буй шинэ оны
мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.