Нийт Монгол түмэндээ болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонт нутгийн зон олондоо ирж буй 17 дугаар жарны "Тийн унжлагат" хэмээх "шороон нохой" жилийн хаврын тэргүүн сарын билэгт сайн өдрийн мэндийг айлтган дэвшүүлье.
Цагаан сар бол та бидний хувьд Монгол хүн гэдгээрээ
бахархах, удам судар, ураг төрлөө мэдэлцэх, төрт ёс, уламжлал зан заншлаа
хүндэтгэх, эв эеийг эрхэмлэх төр, иргэн, соёл шашны гүн утгат цогц хүндлэл
бүхий жинхэнэ Монгол ёсон мөн билээ.
Үдэж буй Гал тахиа жил нь Дорноговьчууд бидэнд
өгөөж, буянаа хайрлаж аймаг маань 21 аймгуудаас өрсөлдөх чадвараа ахиулан, 580
гаруй шинэ ажлын байрыг бий болгон “Хамгийн их ажлын байр бий” болгосон
аймгуудын 3 дугаарт улсдаа жагссан бахдам сайхан амжилтаар дүүрэн жил байж,
Айлчлан золгож буй 2018 ондоо Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн бодлогын
хүрээнд томоохон үйлдвэржилт, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх зэрэг их
бүтээн байгуулалтаар дүүрэн, ээлтэй сайхан жил ирж байна гэж билэгшээж байна.
Манай аймаг 2017 оны эцэст 68.2 мянган байнгын оршин
суугчтай болж 2016 оны жилийн эцсийн хүн амын мэдээнээс 2.4 хувиар буюу 1586
хүнээр нэмэгдэж, 2017 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 2001,6 мянган
толгой мал тоологдсоноос нийт малын тоо өмнөх оноос 14,2 хувь буюу 248.7 мянган
толгойгоор өслөө. Жил бүрийн мал тооллогын эцсийн дүнг харахад аймаг
байгуулагдсан 1931 оноос хойш нэг саяас дээш мал тоолуулсан 24 дэх жил, хоёр
саяас дээш мал тоолуулсан анхны жил байлаа.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн
өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний чанар
хүртээмжийг дээшлүүлэн, бодлого шийдвэрүүдийн хэрэгжилтэд хяналт тавихад илүү
анхаарч ажиллахаар төлөвлөөд байна.
Үйлдвэрлэл, бизнес, соёл, шинжлэх ухаан, урлаг,
спорт, мал аж ахуй, газар тариалан, морин спорт гээд олон салбарт манай аймгийн
иргэд бахдам амжилт гаргаж тухайлбал Монгол Улсын Төрийн дээд шагнал
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон-5, Алтан гадас одон-70, Хөдөлмөрийн хүндэт медаль 64, Цэргийн гавьяаны
одон-1, Цэргийн хүндэт медаль-4 нийт 144 иргэн, улсын аварга малчин-5, аймгийн
хошой аварга малчин-1, аймгийн аварга малчин-29, аймгийн аварга тэмээчин-2,
аймгийн алдарт уяач-11, аймгийн аварга тариаланч-5, алтан төлийн эзэн-5 тус тус
шагнагдаж төр, орон нутагтаа амжилтаа үнэлүүлсэн сайхан жил тохиолоо.
Нутаг орны бүтээн байгуулалт, хүн ардын амьдрах тав
тухтай орчныг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг ойртуулах, тохижилт үйлчилгээг
сайжруулах, хөгжил дэвшилд хамтран зүтгэж ажилласан холбогдох байгууллага хамт
олон, бүтээлч ард иргэддээ талархаж буйгаа илэрхийлье.
Дорнын сайхан говь нутгийнхныг маань дээдсийн ерөөл буян ивээж ирж буй "Тийн унжлагат" хэмээх шороо нохой жилдээ олж авсан ололт амжилтаа бататгаж, зорьсон зорилгодоо хүрч, эрүүл саруул, элбэг хангалуун сайхан амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сар шинэдээ хотол
олноороо сайхан шинэлээрэй.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА С.ТҮМЭНБАЯР