Дорноговь аймагт
үйл ажиллагаа явуулж байгаа Хилийн цэрэг, Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн
нийт бие бүрэлдэхүүн, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч,
байлдагч, албан хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, мөн аймгийн
нийт ард иргэддээ Монгол цэргийн баярын өдөр, Зэвсэгт хүчин үүсэн
байгуулагдсаны 97 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.
Энэ өдөр бол эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй,
хариуцлагатай, ариун журамт үүргийг биелүүлж яваа цэргийн алба хаагчдын баярын
өдөр төдийгүй, бүх монгол түмний бахархалт өдөр юм. Ардын журамт цэрэг 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг чөлөөлж, хувьсгалын анхны
ялалтыг байгуулсан өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон орон даяар ёслол
төгөлдөр тэмдэглэж байхаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлын
тогтоолоор 1946 онд шийдвэрлэж
байжээ. Уг шийдвэрийн дагуу 1947
оноос эхлэн жил бүрийн 03 дугаар сарын 18-ны өдрийг Монгол Ардын Хувьсгалт
цэрэг (хожим Ардын цэрэг, Монгол ардын арми, Монгол ардын цэрэг, өдгөө Зэвсэгт
хүчин хэмээн нэрлэх болсон)-ийн баярын өдрийг тэмдэглэсээр өнөөг хүрсэн байдаг.
87 жилийн түүхэн хуудсыг эргүүлж
буй Дорноговь аймгийн бүтээн байгуулалт, ололт амжилт бүхэнтэй Монголын зэвсэгт
хүчин, Дорноговь
аймгийн хилийн цэрэг, зэвсэгт хүчний анги хороод, нийт хүчний байгууллагуудын үйл
ажиллагаа салшгүй холбоотой гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.
Монгол
эрчүүддээ хандаж энэ өдөр өөрсдийн эрхэм үүрэг хариуцлагаа ухамсарлаж, улс
орон, гэр бүлийнхээ ноён нуруу өмөг түшиг болж явахыг ерөөж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан
бүхнийг хүсье.
Монгол цэргийн сүлд хийморь, цог золбоо үеийн үед
мандан бадрах болтугай!
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА С.ТҮМЭНБАЯР