Дорноговь аймаг 2018 оныг “Хүний
хөгжлийг дэмжих жил” болгон зарласан билээ. Тус зорилтот жилийн нээлтийн арга
хэмжээ өнөөдөр буюу 4 дүгээр сарын 27-ны өдөр Сайншанд хотын төв талбайд
амжилттай зохион байгууллаа. Ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай
амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2017 онд зарласан “Их бүтээн байгуулалт”-ын жилийн ажлыг 2018 онд үргэлжлүүлэн
зохион байгуулж байна.
Нээлтийн арга
хэмжээний хүрээнд өсвөр үе, залуучууд, эцэг эх, багш сурагчид, ахмадууд болон
төрийн байгууллагын 2600 гаруй иргэнд хүний хөгжлийн талаар лекцийг зохион
байгуулж, 2018 оны бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Мандах наран-3 хороолол,
150 хүүхдийн цэцэрлэг, 320 хүүхдийн бага сургууль, Эрүүл мэндийн төв, Гэр бүлийн
цэцэрлэгт хүрээлэн, Иргэдийн хөгжлийн төв, 50 ортой төрөх эмнэлэг болон
эмнэлгийн авто замын шавийг тавилаа.
Нээлтийн арга
хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр,
аймгийн засаг дарга Т.Энхтүвшин, Сайншанд сумын ИТХ-ын дарга Д.Эрдэнэбаяр, Сайншанд
сумын засаг дарга буюу хотын захирагч С.Одбаяр, аймаг сумын төлөөлөгч,
холбогдох байгууллага, агентлагуудын дарга нар оролцож тууз хайчлан нээлт хийв.
Тус
нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулж зарим сумдын 10 багийн Засаг дарга
нарт мотоциклын түлхүүр, зорилтот өрхийн амжиргааг дээшлүүлэх зорилгоор
Сайншанд сумын 6 иргэнд 5 ханатай гэрийн батламжийг гардуулж өглөө.