ИРГЭД, ХӨДӨЛМӨРЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санаачлагаар “Төлөөлөгчийн өдөрлөг”-ийг сумд тус бүр дээр бүсчлэн зохион байгуулж байгаа билээ. Тус өдөрлөгийн хүрээнд 05 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Дэлгэрэх, Алтанширээ сумдын Соёлын төвийн ордонд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н.Хонгорзул, Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан Ардын Их Хурлын депутат, Алтанширээ сумын анхны Засаг дарга асан Л.Ишдорж, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, тэргүүлэгч О.Батжаргал, Л.Цэцэгдарь болон сум орон нутгийн удирдлагууд тус тус иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, тэдний санал, бодлыг солилцож хамтран ажиллалаа.
Тус арга хэмжээний үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажиллаж, сум орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй Дэлгэрэх сумын иргэн Д.Намсрай, Д.Отгонцэцэг, Алтанширээ сумын иргэн Ч.Адьяа, Ц.Нэргүй нарыг аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөл, Дэлгэрэх сумын иргэн И.Болортуяа, Л.Од нарыг аймгийн Засаг даргын өргөмжлөл, Дэлгэрэх сумын иргэн Д.Баасанхүү, С.Галдорж нарыг нигүүлсэнгүй үйлст манлай малчин шагналаар тус тус шагнаж урамшууллаа.
Энэхүү өдөрлөгийн хүрээнд сумд тус бүр дээр нээлттэй хаалганы өдөрлөг, иргэдийн дунд нөхөрсөг спорт, урлагийн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан төдийгүй Алтанширээ сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Сумын хөгжилд бидний оролцоо” гар зургийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж, шалгарсан сурагчдыг тус арга хэмжээний үеэр шагнаж, урамшуулсан юм. Мөн Алтанширээ сумын түүхийн музейд хадгалагдаж буй 19 дүгээр зууны үеийн эд зүйлсийн дурсгал болон, Алтанширээ сумаас төрөн гарсан төр, нийгмийн зүтгэлтэн хийгээд урлаг, утга зохиолын олны танил хүмүүсийн түүх болоод тус сумын байгалийн гайхамшигт тогтоц бүхий газар, үнэт ховор чулууны цуглуулга нь зэрэг нь түүх болон үзмэрүүдтэй танилцлаа. Иргэдийнхээ дуу хоолойг сонсох, иргэдийн оролцоог суманд идэвхжүүлэх, сум орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтыг олон нийтэд сурталчлах энэхүү 2 өдрийн арга хэмжээнд уригдан ирсэн иргэдийн сэтгэгдэл өндөр байсныг дурдахад таатай байна.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ