Дорноговь аймаг, Эрээн хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд болон соёл урлаг, эрүүл мэндийн хамтын ажиллагааны тууз хайчлах ёслол, Сайншанд хотод хүүхдийн тоглоомын тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдав. Өнөөдөр буюу 7 дугаар сарын 7-ны өдөр Сайншанд хотод зохион байгуулагдсан үйл ажиллагаанд ӨМӨЗО-ны Ардын Төлөөлөгчдийн Хурлын дарга Ли Жи Хэн тэргүүтэй зочид төлөөлөгчид Дорноговь аймгийн удирдлагуудтай уулзаж албан айлчлал хийв. Тус албан уулзалтаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон аймгийн ЗДТГ-ын хэлтсүүдийн дарга нар оролцож аймгийн танилцуулга, цаг үеийн хөгжил, бүтээн байгуулалтуудын талаар мэдээлэл өгч үр бүтээлтэй уулзалт болж өнгөрөв.
Тэрээр ӨМӨЗО-ны Ардын Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Коммунист намын дарга Ли Жи Хэн нь Улаанбаатар хотод Ерөнхий сайдын урилгаар албан айлчлал хийгээд буцах замдаа Дорноговь аймгийг зорьж ирсэн билээ. Хоёр талын хамтын ажиллагаа өргөжин дэвшиж, үр бүтээл дүүрэн байх нь энэ уулзалтаар эхэлж байна.