Их нартын байгалийн нөөц газрын менежментийн зөвлөлийн уулзалт Даланжаргалан суманд 2014 оны 9 дүгээр сарын 04,05-ны өдрүүдэд боллоо.
Тус уулзалтанд Аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, төлөөлөгч Т.Азбаяр, төлөөлөгч Б.Угтахбаяр, Айраг, Даланжаргалан сумын засаг дарга, байгаль орчны улсын байцаагч, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн төлөөлөл, идэвхтэн байгаль хамгаалагч нар оролцлоо.
Уулзалтаар тус хамгаалалтын захиргаанаас 2013-2014 онд хийсэн ажлуудаа танилцуулж, 2012-2018 онд хэрэгжих Менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, түүх соёлын дурсгалыг хамгаалах журам, хогийн менежментийн журам, аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр, дотоод бүсчлэлд санал авах хэлэлцүүлэг зохион байгуулан, тус бүс нутаг нэвтрэх тарифыг Монгол Улсын иргэн 2000төг, гадаад улсын иргэн 10,000төг төлж ордог байхаар тогтлоо.
Мөн сургалтанд оролцогсод 2 дахь өдөр Их нартын байгалийн нөөц газрын судалгаа явагддаг хэсэгт очиж, тус бүс нутагт судалгаа хийж байгаа Гадаад дотоодын судлаачидтай уулзаж, судалгааны ажилтай нь танилцаж, Их нарт-бидний ирээдүй нөхөрлөлийн үйл ажиллагаа, мөн идэвхтэй байгаль хамгаалагч нартай уулзаж, санал солилцсон юм.
Аймаг орон нутгийн зүгээс тус хамгаалалтын бүсийн захиргааны албан конторын барилгын төсвийг 100,000,000 төгрөг, үйл ажиллагааны зардал 26,000,000төгрөгийг өнгөрсөн онд шийдэж өгч, дэмжиж ажиллаж байгаад баяртай байгаагаа тус захиргааны зүгээс хэлж байсан
Судлаачдын хувьд Их нартын байгалийн нөөц газар нь гадаад дотоодын амьтад ургамал судлаачдын судалгааны хамгийн том газрын нэг болоод байна.
Их нартын байгалийн нөөц газар нь манай аймгийн Даланжаргалан, Айраг сумыг дамнан оршдог, аргаль хонины популяцийн тогтвортой өсч үржих нөхцөлийг хангах зорилгоор 1996 онд УИХ-ын 47 тоот тогтоолын дагуу байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан бөгөөд 667,69км2 (43.000 га) нутгийн эзлэн оршдог манай аймгийн үзэсгэлэнт газруудын нэг юм.