Хүний амьдралын алтан дурсамж хийгээд түүх дурсгалын үнэт зүйлийн нэгээхэн хэсгийн нэг нь яалт ч үгүй гэрэл зураг билээ. Гэрэл зураг нь архивын хосгүй үнэт баримт болон үлддэгээрээ онцлог бөгөөд гэрэл зургаар дамжуулан түүхийн хосгүй дурсамжууд үеийн үед уламжлагдан үлддэг. Гэрэл зургаас ирээдүйг бус өнгөрсөн түүхийг эргэн харж, санан дурсдагаараа хамгийн гайхалтай байдаг. Анхны гэрэл зурагнууд та бидний хэлж заншсанаар хар, цагаан зураг байсан. Гэтэл өнөөдөр хар цагаан зурагнаас өнгөт зураг болтлоо гэрэл зураг хөгжөөд байгаа билээ. Ард түмний гавьяат зурагчин, сэтгүүлч Л.Сандуй нь 1961 оноос урчуудын салбарт дагалдан зураач, 1962 оноос аймгийн Ялалт сонинд зураач, цайр зурагчин, фото зурагчнаар ажиллаж байсан манай аймгийн туршлагатай ахмад гэрэл зурагчны нэг юм. Эдүгээ өөрийн биеэр авч байсан тэртээх 1990 оноос өмнөх түүхэн үйл явдлын гэрэл зураг /хар цагаан, өнгөт зураг/ хийгээд ахмад настангуудын зургийн цомгоос авч баяжуулсан Дорноговь аймгийн соёл урлаг, эмнэлэг, сургууль болон аймаг, орон нутгаас төрөн гарсан эрдэмтэн мэргэд, ажил хөдөлмөрөөрөө манлайлан ажиллаж байсан нэрт зүтгэлтэн, алдарт гавьяатнууд, Сайншанд хотын түүхэнд холбогдох зарим ховор гэрэл зургуудаар дамжуулан Дорноговь аймаг болон Монгол Улсын түүхийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хүчин зүтгэн “Гэрэл зургийн түүхэн дурсамж” нэртэй гэрэл зургийн цомог ном гаргаж, өнөөдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн Иргэдийн хөгжлийн төвд шинэхэн номныхоо нээлтийг хийн олны хүртээл болголоо. Л.Сандуй гуайн цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилтыг нийт иргэдийнхээ өмнөөс хүсэн ерөөе.
Он цагийн түүх болсон гэрэл зургийн цомог үеийн үед уламжлан өртөөлөх болтугай