Монгол орны уудам хязгаарт Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” гэх хоёр их айл дөрөө нийлүүлэн буугаад эдүгээ 65 жилийн босгыг алхжээ. Нэгэн жарны хугацаанд эх орны хөгжил дэвшил, нийгэм эдийн засгийн амьдралд дорвитой үүрэг гүйцэтгэсэн түүхэн гавьяа, ажил хөдөлмөрийн амжилтыг Монголын төр засаг үнэлж, Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Сүхбаатарын одон”-гоор шагнасан билээ. Энэхүү одонт тугийг төмөр замын дагуу аялуулж буй бөгөөд есдүгээр сарын 11-нд Дорноговь аймгийн төв Сайншанд хотод аялууллаа. Энэ үеэр УБТЗ ХНН-ийн Замын 4 дүгээр анги, Дорноговь аймгийн ЗДТГ хамтран “Замчин” мэргэжил сурталчлах өдөрлөгийг зохион байгуулсан юм. Өдөрлөгт Аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, УБТЗ ХНН-ийн орлогч дарга С.Алтанбек, аймгийн ЗДТГ-ын дарга С.Бөххүү, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Э.Энхжаргал, Б.Адилбиш нар уригдаж хэсэг хугацаанд замчин болж, замчин хэмээх халуунд халж, хүйтэнд хөрдөг хүнд бөгөөд нэр төртэй, бахархалтай ажилтай танилцсан юм. Дорноговь аймгийн зургаан сумын 680 орчим км нутаг дэвсгэр дээгүүр төмөр замаар галт тэрэг дайран өнгөрч улс орны хөгжил дэвшил хийгээд арилжаа наймаа эрхэлдэг олон пүүс компани, хувиараа бизнес эрхэлдэг хүмүүсийн ажил албыг залгуулж байна.