Аймгийн ИТХ, Иргэний оролцооны хэлтсээс санаачилж Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан үүрэгт ажлаа хийж байгаа, бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө хонон өнжин жижүүрлэн ажиллаж байгаа онцлог ажилтай эмэгтэйчүүдээ баярлуулж амьд сарнай, мэндчилгээ, бяцхан бэлэг, урилгын хамт бэлэглэлээ. Мөн энэ үеэр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй зарим бүсгүйчүүдээ хүндэтгэв. Бид аймгийн Нэгдсэн эмнэлэг,ЭМШИУС-ийн салбар сургуулийн жижүүр, өөр аймаг хотоос ирж суралцаж байгаа оюутнууд, төмөр замын ажилчид, ШТС-д ажиллаж байгаа бүсгүйчүүд, шүлхийний хорио цээрийн постод ажиллаж байгаа эмэгтэйчүүд, ажлаа хийж байгаа сэтгүүлч бүсгүй гээд нийт 50 орчим бүсгүйд баярын бяцхан бэлгээ гардуулсан юм. Үүрэгт ажлаа хийж байгаа бүсгүйчүүд маань биднээс гэнэтийн бэлэг авсандаа үнэхээр баяртай байлаа.Санамсаргүй, бас гэнэтийн бэлэг хүнд хэзээ ч мартагддаггүй шүү дээ.