Тэртээх 75 жилийн
өмнө эх орны төв, өмнөд хэсгээр урьд хожид дуулдаагүй их цас унаж, цасан
шамрага хэдэн сар шуурч, шуурганы эрхшээлд уруудан Улсын хилд тулж ирсэн Далан
мянга гаруй адууг хил давуулалгүй тогтоон барьж чадсан Өргөн сумын баатарлаг
малчдын гайхамшигт амжилтаар нь Их говийн зоригтнуудын өлгий нутаг хэмээн тус
сумыг та бид сайн мэднэ.
Их говийн зоригтны
өлгий нутаг Өргөн сумын Аргалийн уулын нутагт өнгөрсөн амралтын өдрөөр түүхэн
75 жилийн ойн баярын нээлтийг ёслол төгөлдөр зохион байгууллаа. Энэхүү үйл
ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, аймгийн ИТХ-ын дарга
С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, сумын удирдлагууд, нутгийн малчид
болон зорин ирсэн зочид төлөөлөгчид нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.
Ойн баярын нээлтийн
арга хэмжээнд “Алтан төлийн эзэн” цол тэмдгээр 2, аймгийн “Аварга малчин” 5,
аймгийн “Алдарт уяач” 3 төрөн гарч, ажил хөдөлмөрөө үнэлүүлсэн юм. Мөн Мэдээлэл
Холбооны Юнител Групп “Аргалийн уул”-нд шинээр сүлжээ нэвтрүүлж ийнхүү
алслагдмал багийн малчид, иргэд маань дэлхийн өнцөг булан бүртэй хөл нийлүүлэн
алхах боломжийг бий болгож нээлтийн үйл ажиллагааг хамтатган зохион байгууллаа.
Өргөн сумын
удирдлагууд, иргэдийн санаачилагатайгаар ойн баярыг тохиолдуулан олон ажил
зохион байгуулж байгаагаас тус өдөр Монголын үндэсний телевизийн Адуучин
нэвтрүүлгийн зураг авалт болж Өргөн, Эрдэнэ, Алтанширээ, Дэлгэрэх сумдаас
адуучид оролцож нийт 34 адуучин авхаалж самбаа, ур чадвараа уралдуулсан билээ.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ