Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дорноговь
аймгийн ЗДТГ, Монголын шатрын холбооны Дорноговь аймаг дахь салбар зөвлөл,
аймгийн Биеийн тамир спортын газраас хамтран зохион байгуулж буй Говийн бүсийн
аймгуудын өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр буюу 04 дүгээр
сарын 27-ны өдөр аймгийн “Соёмбо” цогцолборын “Хүндэтгэлийн өргөөн”-нд амжилттай
зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн
ИТХ-ын дарга бөгөөд Монголын шатрын холбооны Дорноговь аймаг дахь зөвлөлийн
Тэргүүн С.Түмэнбаяр, аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, ОУ-ын шатрын холбооны
мастер Ж. Лхагваа, Монголын шатрын холбооны Дорноговь аймаг дахь зөвлөлийн
Нарийн бичгийн дарга Ү.Бадамдорж, аймгийн Биеийн тамир спортын газрын дарга
Г.Батлхам нар тус тус оролцож нийт баг, тамирчдад амжилт хүсэн ерөөлөө. Энэхүү тэмцээний онцлог нь Монгол Улсын аварга
шатарчин шалгаруулах тэмцээнд нийтдээ хамгийн олон удаа буюу 24 удаа шалгаран
оролцож 315 өрөг тоглосны 159 өрөгт хожиж байсан түүхтэй Монголын шатрын нэрт
зүтгэлтэн, Монгол Улсын 6 удаагийн аварга, ОУ-ын шатрын холбооны мастер
Жамбалдоогийн Лхагваагийн нэрэмжит болж байгаагаараа онцлог байлаа.
Ж.Лхагваагийн нэрэмжит энэхүү тэмцээнийг анх 2017 онд
Дундговь аймагт зохион байгуулагдсанаас хойш ийнхүү 3 дахь удаагийн тэмцээнийг
манай аймаг зохион байгуулж байна.
Жилээс жилд өргөжин тэлж байгаа Жамбалдоогийн Лхагваагийн
нэрэмжит Говийн бүсийн өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцохоор
Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгуудын нийт 180 гаруй тамирчид оюун
ухаан, авхаалж самбаагаа өрсөлдүүлж байна. Энэхүү тэмцээний нээлтийн үеэр
аймгийн ИТХ-ын даргын Хүндэт өргөмжлөлөөр ОУ-ын шатрын холбооны мастер
Ж.Лхагвааг, аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөлөөр Г.Мөнхсүх, Э.Зол-Учирал нарыг
тус тус шагнаж урамшууллаа. Нийт шалгарсан баг тамирчдад шагнал гардуулах
ёслолын үйл ажиллагаа маргааш буюу 04 дүгээр сарын 28-ны өдөр болох юм.
Улс, дэлхийн олон амжилтын эзэд энэхүү тэмцээнээс төрнө
гэдэгт итгэлтэй байна.
Нийт баг,тамирчдад амжилт хүсье.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ