1996 оны Улсын Их Хурлын тогтоолоор жил бүрийн 9 дүгээр сарын
10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг
хүндэтгэх өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэснээс хойш Цагаатгах ажлыг
удирдан зохион байгуулах комиссоос өнөөдрийг хүртэл улс
төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах нэр төрийг нь сэргээх, тэдний
дурсгалыг мөнхжүүлэх, нөхөх олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор
уршгийг нийтэд тайлбарлан таниулах ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулан
ажиллаж байна.
Улс төрийн хилс
хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажиллагаа 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс
эхэлж энэ хугацаанд 30,0 мянга гаруй иргэний нэр төрийг сэргээж цагаатгажээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн
олговор олгох тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлтөөр хэлмэгдэгсдийн амьд сэрүүн
байгаа ар гэрийнхэнд 40-80 сая хүртэлх төгрөгийн нөхөн олговор олгож, цагаатгах
ажлыг 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэхээр болсон юм.
Улс төрийн хилс хэрэгт
хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан тус аймгийн Цагаатгах
ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга С.Түмэнбаяр хэлмэгдэгсдийн
үр хүүхдүүд, ач зээ нарын нийт 23 төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн,
гарын бэлэг гардуулан өглөө. Мөн уламжлал болгон зохион байгуулдаг ажлын нэг
болох хэлмэгдэгсдийн хойчийн буянд зориулж ном хуруулах ажлыг аймгийн Дэчинчойнхорлин
хийдтэй хамтран зохион байгууллаа.
Бидний хойч ирээдүй
болсон хүүхэд залуучууддаа улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний хор уршиг, улс орны
тусгаар тогтнолын үндэс, үнэ цэнийг ойлгуулах зорилгоор Ерөнхий боловсролын
ахлах ангийн нийт 80 гаруй сурагчдад аймгийн ЕБ-ын I-р сургуулийн Түүх нийгмийн
ухааны багш Ганбаяр лекц уншиж үүний дараагаар сурагчдаас гарсан асуултуудад
салбар комиссын дарга С.Түмэнбаяр хариулт өгч харилцан ярилцав.
Мөн орон нутгийн иргэд
олон нийтэд хэлмэгдүүлэлтийн тухай баримтат кинонуудыг ДСБ телевизээр дамжуулан
хүргэх зэрэг ажлуудыг тус тус зохион байгуулж ажиллалаа.
Дашрамд дурьдахад энэ
оны эхний 9 сарын байдлаар аймгийн салбар комиссоос Улс төрийн хилс хэрэгт
хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулинд орсон нэмэлт
өөрчлөлтийн дагуу нийт 30 гаруй иргэдэд амаар болон утсаар зөвлөгөө өгч
одоогийн байдлаар тус аймгаас нөхөн олговор авах 2 иргэний шүүхийн шийдвэр
гарч, 7 иргэний нэр “Зууны мэдээ” сонинд зарлагдаж шүүхийн шатандаа явагдаж
байна. Тус хуулинд орсон нэмэлт
өөрчлөлтийн дагуу нөхөн олговор нь иргэдийн насны дарааллын дагуу өндөр
настайгаас эхлэн олгогдож эхлээд байна.
АЙМГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
ЦАГААТГАХ
АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС