Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Түмэнбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн 2016-2019 онуудад нийт сумдад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, хөдөлмөрчдөд мэдээ, мэдээлэл хийж ажилласнаас гадна иргэдэд тулгамдаж буй асуудлуудад газар дээр нь хариулт өгч ажилласан билээ. Аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга С.Түмэнбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн энэ оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт сумдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллахдаа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Замын-Үүд сумын иргэн Н.Төрбадрахын зохиол “Нэг ангийнхан” сургамжит драмын жүжгийн үйл ажиллагааны зардлыг ивээн тэтгэж олны хүртээл болголоо. Тус жүжигт хойч ирээдүйгээ эрх тэгш эв нэгдэлтэй зөв хүн болгон хүмүүжүүлэх нь эх орны хөгжил оршин тогтнохын баталгаа мөн эцэг эхчүүд, үр хүүхдүүдийн хоорондох үл ойлголцол, нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг товч тодорхой хөндсөн нь үзэгчдийн талархлыг ихэд хүртэж байсныг энд дуулгахад таатай байна. Энэхүү жүжигт Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Замын-Үүд сумын иргэн, бүжгийн багш Ж.Алтанчимэг, Замын-Үүд сумын 2 дугаар цэцэрлэгийн арга зүйч М.Мөнгөнтуяа, Замын-Үүд сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11А ангийн сурагч А.Шинэцэцэг, Замын-үүд сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 11А ангийн сурагч Б.Хонгорзул, М.Ууганбаяр, А.Мөнхбаатар, Э.Номинжин нар чадварлаг тоглож аймгийн ГХУСАЗСЗ-ийн талархлын бичиг, мөнгөн шагналаар тус тус шагнагдсанаас гадна жүжгийг найруулан, иргэдийг соён гэгээрүүлэх их үйлсэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан МУ-ын СТА, зохиолч Н.Төрбадрахыг аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, урамшууллаа. Соён гэгээрүүлэх их үйлс дэлгэрэх болтугай.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ