ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

МЭНДЧИЛГЭЭ

2020-02-21

                    Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй Монгол түмэн болон Дорноговь нутгийн зон олондоо 17 дугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр Хулгана жилийн хаврын тэргүүн сарын билэгт сайн өдрийн мэндийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа айлтган дэвшүүлж байна.

Цагаан сар бол та бидний хувьд Монгол хүн гэдгээрээ бахархах, удам судар, ураг төрлөө мэдэлцэх, төрт ёс, уламжлал зан заншлаа хүндэтгэх, эв эеийг эрхэмлэх төр, иргэн, соёл, шашны гүн утгат цогт хүндлэл бүхий жинхэнэ Монгол ёсон мөн билээ.

Улиран одож буй “Урвуулагч” хэмээх шороон Гахай жилд Дорноговь аймаг “Гэр бүлийг дэмжих жил” болгон зарлан аймгийн маань өнгө үзэмж дээшилж, хүн амын ая тухтай ажиллаж, амьдрах  таатай орчинг бүрдүүлсэн  сайхан жил боллоо.

Үдэж буй шороон Гахай жил нь Дорноговьчууд бидэнд өгөөж буянаа хайрлаж аймгийн хэмжээнд улс, орон нутгийн төсөв, төсөл  хөтөлбөрийн хүрээнд 2019 онд 102,7 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэрэгжиж, 2016  онтой  харьцуулахад  3,7 дахин  өссөн байна.  Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаанаар хэлэлцэн батлагдсан “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц  жил бүр 90 гаруй хувьтайгаар биелэгдэж байгаа нь хөгжлийн өөд зорьж байгаа үйлс бүхэн хөгжин дэлгэрч буйн илрэл гэж үзэж байна.

Аймгийн хэмжээнд Монгол Улсын Төрийн дээд шагнал хүртсэн иргэд өмнөх оны энэ үеэс нэмэгдсэн байна. Тухайлбал “Алдарт эх“ нэгдүгээр зэргийн одонгоор 14, “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгоор 198 эх,  Монгол Улсын гавьяат малчин 1, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 7, Цэргийн гавьяаны улаан тугийн одон 2, Алтан гадас одонгоор 59, Цэргийн гавьяаны одон 6, Хөдөлмөрийн хүндэт медалиар 54, Цэргийн хүндэт медалиар 5 иргэн тус тус шагнагджээ. Нутаг орны бүтээн байгуулалт, хүн ардын амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг ойртуулах, тохижилт үйлчилгээг сайжруулах, хөгжил дэвшилд хамтран зүтгэж ажилласан холбогдох байгууллага хамт олон, бүтээлч ард иргэддээ талархаж буйгаа илэрхийлье.

Өдгөө дэлгэр Монгол оронд минь хаврын тэргүүн сар гарч цас, мөс ханзарч, малчны хотонд төлийн дуу цангинаж, урин цаг наашилж байна.

Цаг үеийн нөхцөл байдлыг сайтар анхаарч, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтээр сайтар даган мөрдөхийг нийт Монголчууддаа, Дорноговьчуудда энэхүү  мэндчилгээндээ давхар уриалж байна.

Монгол түмний минь уламжлал болгон тэмдэглэдэг хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд дээшээ харсан сав болгон нь дүүрэн байж,  айл бүр инээд баяслаар бялхан Дорнын сайхан говь нутгийнхныг маань дээдсийн ерөөл,  буян нь үргэлж ивээж байг.

 Ирж буй 17 дугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр Хулгана жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан жаргахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3933
2730 / 69%
719 / 18%
240 / 6%
244 / 6%