Хаан банкны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Түүхт 30 жилийнхээ ойгоор ХААН Банкнаас 21 аймаг, нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулж өгөхөөр болжээ.
Энэ хүрээнд Сайншанд суманд сагсан бөмбөгийн 3х3 стандарт талбайг барьж өнөөдөр аймгийн удирдлагуудад хүлээлгэн өгснөөр хүүхэд залуусын зорьж очиж тоглох, чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газар нэгээр нэмэгдлээ.
Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж хүн амд биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж байгаад Хаан банкны Дорноговь аймаг дахь салбарын хамт олонд аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг талархаж буйгаа илэрхийлэв.
Талбайн цаашдын ашиглалт, хамгаалалт, арчилгаанд Биеийн тамир спортын газраас хяналт тавин ажиллахаар болсон юм.