Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг бууруулах зорилготой “Амар амгалан Дорноговь” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр аймгийн хэмжээнд гэмт хэргийн төлөв байдал, шалтгаан, нөхцөлд дүн шинжилгээ хийж гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх оновчтой арга замыг тодорхойлох криминологийн судалгааг хийлгэж байгаа билээ.
Тус судалгааны хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Монголын Криминологичдын холбоотой хамтран гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх ажил төлөвлөх сургалтыг 2 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Уг сургалтыг “Монголын Криминологичдийн холбоо”-ны удирдах зөвлөлийн дарга, доктор, профессор Б.Батзориг удирдан явуулж аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар, хууль сахиулах байгууллагын албан хаагчид, сумдын ЗДТГ-ын хууль зүйн мэргэжилтэн, нийгмийн ажилтнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, АА бүлгийн гишүүд, Сайншанд сумын иргэд тус сургалтад хамрагдаж байна.
Энэхүү сургалтад хамрагдсанаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн талаар төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид мэдлэг олох, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөх ур чадвар эзэмших юм.