Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, үйлдвэр, үйлчилгээний зэрэг нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, Өмнөговь аймагт нүүрс-эрчим хүч болон металлургийн кокс, бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, тус аймгийн нисэх буудлыг 4D ангиллын болгон өргөтгөх, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд барилгын материал, түүхий эдийн импортын хангамж, логистикийн төв зэргийг байгуулна.
Говийн бүсэд ашигт малтмалын стратегийн томоохон ордууд байрладаг төдийгүй гадаадын шууд хөрөнгө оруулалт, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, ялангуяа нар, салхины эрчим хүчийг хөгжүүлэх асар их нөөц бололцоотой.
Мөн байгалийн хосгүй тогтоц, түүх соёлын үнэт дурсгалаараа дотоод, гадаадын жуулчдыг татдаг. Тодруулбал, Говь гурван сайхан уулсын байгалийн цогцолборт газар, палеонтологийн үнэт олдвортой Хэрмэн цав, Цагаан суварга, Дэлхийн энергийн төв гэгддэг Хамарын хийд зэрэг аялал жуулчлалын үнэ цэнтэй газар нутаг энэ бүсэд оршдог.
Түүнчлэн логистикийн хувьд говийн бүс нь Монгол Улсыг БНХАУ болон бусад улс руу нэвтрэх гарц болдог. Хилийн боомт, төмөр зам, авто замын дэд бүтэц, тэр дундаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам хурдацтай өргөн тэлж байгаа нь экспорт, худалдааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг хуралдаанд оролцогчид онцолж байлаа.
Засгийн газрын 14 мега төслөөс Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын төмөр зам, Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор, Газрын тос боловсруулах цогцолбор, 450 МВт-ын хүчин чадалтай ДЦС зэрэг төсөл говийн бүсэд хэрэгжинэ.
Энэ хүрээнд тээвэр логистикийн төв, хуурай боомтыг Даланзадгад, Чойрт, соёл, аялал жуулчлалын тусгай бүс, геопаркыг Дундговь аймагт байгуулахаас гадна говийн бүсийг усаар хангах “Орхон-Онги”, Хэрлэн тооно” төслийг үе шаттай хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэрийг тус бүсийнхэн дэмжиж буйгаа илэрхийлж, санал нэгдэж байна.





