Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, төсвийн үр ашгийг сайжруулах, төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн удирдах ажилтны нэгдсэн сургалт, уулзалт зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.
Уулзалтад Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан оролцож, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлогын талаар чиг үүрэг өглөө.
Мөн аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр оролцож, төрийн үйл ажиллагааны тасралтгүй тогтвортой бодлогыг баримталж, орон нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчид нягт харилцан уялдаатай, хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлаж, цаашид ёс зүйтэй, иргэддээ илүү нээлттэй, тэгш хүртээмжтэй ажиллахыг онцоллоо.
Уулзалтад сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг байгууллагын дарга нар, Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж буй хууль хяналтын болон хил хяналтын удирдлагууд, УБТЗ-ын Сайншанд-Замын-Үүд Зангилааны удирдлагууд, аймагт үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкны удирдлагууд, төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагууд нийт 130 гаруй удирдах албан тушаалтнууд оролцож байна.







