ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Эмгэнэл

2015-02-10

Дорноговь аймгийн Мандах сумын уугуул, Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, Ардын жүжигчин, профессор, удирдаач Цэндийн Батчулуун өвчний улмаас бурханы оронд одож Монголын үндэсний урлаг соёл, морин хуурын яруу тунгалаг айзам хийгээд хүн төрөлхтний оюун сэтгэлийн орон зайд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Ц.Батчулуун 1952 онд мэндэлж 1971 онд ХБДС-ийг морин хуурч мэргэжлээр,1999 онд Японы Токиогийн Их сургуулийг урлаг соёлын чиглэлээр тус тус төгссөн бөгөөд 1971-1985 онд УАДБЧ-д морин хуурч, 1985-1986 онд Баянхонгор аймийн ХДТ-т хөгжмийн багш, удирдаач, 1986-1989 онд ХБДС-д багш, 1992-2015 онд Улсын Филармонийн “Морин хуур” чуулгын дарга, уран сайхны удирдагчаар ажиллаж байлаа.

Тэрээр Морин хуурын багш, Морин хуурын чуулгын уран сайхны удирдагч, Ерөнхий удирдаачаар он удаан жил ажиллахдаа өөрийн бүхий л амьдрал, мэдлэг боловсрол, авьяас билиг, хөдөлмөр бүтээлээ хоёрхон чавхдаст морин хуурынхаа ая дан, хөгжил дэвшлийн төлөө зориулж уламжлалт өв соёлоо дээдлэх, сэргээх, хамгаалах, нандигнах, хойч үедээ өвлүүлэн үлдээх цаг наргүй ажил хийгээд энэхүү дээдийн соёлоо ертөнц дахинаа дуурсгаж чадсан аугаа их авьяастан, эх оронч, багш, сурган хүмүүжүүлэгч, урлаг соёлын нэрт зүтгэлтэн байсан юм.

Алдарт удирдаачийн бүтээсэн, эгшиглүүлсэн, хөглөсөн, бүтээл туурвил бүхэн хүн төрөлхтөний оюун санааны хэрэгцээний охь дээд нь болж, дэлхийн олон олон тайзнаа тоглогдон, хүмүүний сэтгэлийн нандин утсыг хөглөж, дээдийн баяр жаргалыг өгч байсан төдийгүй бүтээл туурвил нь ирэх зуу зуун жилийн цадиг түүхийн нугачаанд үл хуучран мөнхөд оршсоор байх билээ.

Түүний эх орноо гэсэн чин сэтгэл, цаглашгүй их авьяас чадвар, цуцашгүй хөдөлмөр зүтгэл, уран бүтээлч хандлага, хүнлэг, нөхөрсөг, тусч  зан чанар, бидний зүрх сэтгэлд үүрд үлдэн хоногших болно.  

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдэд Дорноговь аймгийн нийт ард иргэдийн нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болох болтугай.

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%