“Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Францын “Арева” группын санхүүжилтээр Францад зугаалж явна” гэх мэдээлэл сонин, телевиз, цахим ертөнцөөр гарсан. Энэ асуудлаар албан ёсны тайлбар авахаар аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатартай уулзаж ярилцлаа.
-Сайн байна уу, та? Аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар тэргүүтэй төлөөлөгчдийн тансаглал хэрээс хэтэрлээ гэх агуулагатай мэдээ, материалууд хэвлэлээр саяхан гарлаа. Та үүнд тодорхой тайлбар өгөөч. Яг ямар ажлаар Франц яваад ирэв? Хэдүүлээ явав?
-Аливаа хурал бол иргэдийн байгууллага.
Бодит баримтад үндэслэж шийдвэр гаргадаг. Бидний Франц руу явсан гол
зорилго “АРЕВА” гэдэг компани ямар үйл ажиллагаа явуулдаг юм гэдгийг
газар дээр нь очиж судлаад иргэддээ үнэн зөвөөр нь хэлж өгье, аливаа
зүйлийг мянган удаа сонсохоор нэг удаа үз гэдэг санаатай л яваад ирсэн.
Хоёрдугаарт Франц руу явах санаа гэнэт гарсан юм биш манай хурлын 2014 оны ажлын төлөвлөгөөнд орсон ажил байсан л даа. Уг нь бид 2014 оны 12 дугаар сард явах байсан ч ажил төрлийн зав чөлөө хомс үе таарсан. Адаглаад л аймгийн ИТХ 12 дугаар сард хоёр удаа хуралдсан байх жишээтэй. Тэгээд нэг сарын эхээр ажил арай л гайгүй байдаг энэ үеэр яваад ирье гэж шийдсэн юм. Энэ уулзалтад аймгийн ИТХ-ын дарга миний бие, Улаанбадрах сумаас сонгогдсон төлөөлөгч Д.Баярсайхан, Зүүнбаян багаас сонгогдсон төлөөлөгч Ц.Гантулга зэрэг арав орчим төлөөлөгч, хувийн бизнес эрхлэгчдээс таван хүн нийт 15 хүн хүн хамт явсан.
-Та нарыг Францын “Арева” группын хөрөнгөөр зугаалсан гэж бичсэн байна лээ. Замын зардал хөрөнгийг яаж гаргасан юм бол?
-Франц Улсад явж байхад ялангуяа цахим ертөнцөөр Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар тэргүүтэй нөхдүүдийн тансаглал хэтэрлээ гээд л анх www.zaluu.com сайт дээр гарсан байсан. Бид хэвлэлээр ярьж, бичиж байгаа шиг франц руу нуугдаад аль эсвэл хууль бусаар явчихсан юм огт байхгүй. Мөн зарим хэсэг нь Шилэн дансны хууль хэрэгжиж байхад та нарын төсөв яагаад ил харагдахгүй байна гэж бодож байх шиг байна, энэ төсөв 2014 оны гадаад томилолтын зардал дээр суусан байсан төсөв юм. Хувийн бизнес эрхлэгчид бол хувийнхаа зардлаар явсан. Бид Ашиг сонирхлын зөрчлийн хуулиа мэднэ, “Арева” компаниас мөнгө аваад ч юм уу, эсвэл энд хүрч ирээд амаа үдүүлэх тийм зүйл огт байхггүй. Бид “Арева”-гаас нэг ч төгрөг аваагүй. Бүхэл бүтэн аймгийн ИТХ байна даа энэ зэргийн гадаад томилолтыг гаргачих байх гэж бодож байгаа.
-Зорьсон ажлынхаа талаар Та дахин мэдээлэл өгөөч?
-Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмж чиглэлийн дагуу ажилласан. Мөн энэ арга хэмжээний удирдамжийн төслийг Гадаад хэргийн яам хянаж дараа нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Сайнбилэг даргын гарын үсгээр албан ёсоор баталгаажуулж байж сая хүчин төгөлдөр айлчлал болдог юм. Мөн эргэж ирээд бид явсан ажлаа тайлагнадаг. Удирдамж дээр айлчлалын зорилгыг дэлгэрэнгүй бичдэг. Эхлээд “Арева” компанийн үйл ажиллагаатай танилцах, ард иргэдэд үнэн бодит мэдээлэл хүргэх, Бэссин дэх геологийн хэсгийг үзэх, дээжний хэсэгтэй танилцах, Монголоос очсон дээжний мэдээллийг үзэх, ураны хайгуулын 60 жилийн түүхтэй архивтай танилцах, ураны лабароторитой танилцах, ураны хайгуулын талаарх музейн нөхөн сэргээлтийн хяналттай танилцах, уул уурхайн карьерыг нөхөн сэргээсэн байдал, Бэссинэ мужийн даргатай уулзалт хийх, тус мужийн үхэр, ямааны аж ахуй, геологийн лабараториор орох гэх мэтчилэн тоорхой зорилго, чиглэл бүхийн дараалсан ажлын жагсаалттай албан ёсны удирдамж байдаг юм. Засгийн газраас баталгуужуулж завшөөрсөн удирдамжийн дагуу л ажиллаад ирлээ.
-Та бүхэнтэй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид хамт явсан уу?
-Бид “Арева” компанид нэг хүсэлт тавьсан. Танай компани монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөллийг зардлыг нь даагаад бидэнтэй хамт явуулаач, тэнд очоод бид юу үзэж харж,юу ярьсныг Монголдоо ирээд хүмүүст хүргэх нь хамгийн зөв гэсэн. Ингээд МҮОНТ-ээс сэтгүүлчид, www.shuud.mn, www.news.mn сэтгүүлчид хамт явж сурвалжлага хийсэн юм. Уг нь орон нутгаасаа сэтгүүлч аваад явья гэтэл орон даяар гардаг үндэсний телевизийн сэтгүүлч хамт явсан. Ямар хүмүүс хэрхэн явж, юу ярьж, үзэж харсан тухай нэвтрүүлэг энэ оны хоёрдугаар сарын 09-ны үдээш хойш 19.35 минутаас МҮОНТ-ээр гарсныг манай ард иргэд үзсэн байх аа.
-“Арева” компанийн үйл ажиллагаа, бусад зүйлийн тухай Та нэмж тодруулах уу?
-Бид Франц Улсад байдаг “Арева” компанийн төвөөр орсон, мөн манай Улаанбадрах, Зүүнбаянтай адил Лимүзин мужийн Бэссини хотын уул уурхайн ажилтай танилцсан. Дараа нь үхэр, ямааны аж ахуй, геологийн лабараториор нь орсон. Тэд бидэнд өөрийн компанийн тухай, дэлхий даяар хэрэгжүүлж байгаа төслийнхөө тухай, Дорноговь аймагт хэрэгжүүлэх гэж байгаа төслийнхөө тухай танилцуулсан. Дорноговь аймагт байгаа үйл ажиллагаа цаашаа үргэлжлэх юм бол 2020 он гэхэд шар нунтаг гаргаж авах 1.6 тэрбум долларын өртэгтэй үйлдвэр барих төлөвлөгөөтэй байгаа юм байна. Үндсэндээ “Арева” компани Франц Улсын Засгийн газар гэдгийг бид ойлгосон. “Арева” компанийн нийт хувьцааны 85 хувийг Франц Улсын Засгийн газар эзэмшдэг. 15 хувь нь нээлттэй хувьцаа байдаг, үүний 4-5 хувь нь иргэд олон нийт чөлөөтэй авч худалдаж, борлуулдаг. Үлдсэн 11 орчим хувь нь Казакстаны томоохон компани эзэмшдэг юм байна. Шар нунтаг гээд байгаа тэр зүйлийг хадгалдаг байр руу бид орж үзсэн, концентрациасаа болоод шар улаан шар гэхчлэн өөр өөр өнгөтөй тийм зүйл байна лээ. Ажилтнууд нь үүний хажуугаар ямар ч хамгаалалтгүй ажиллаж харагдана лээ. Гэхдээ би мэргэжлийн хүн биш, бас ард түмний төлөөлөл учраас энэ компанийн тухай магтахгүй, бас сайшаахгүй. Манай төлөөлөгчид өөрдсийнхөө итгэл үнэмшлээр хүн бүхэн асуулт тавьж хариулт авцгаасан. Дээрээс нь нэг зүйлийг бид мэдэх ёстой болов уу. 2013 онд Зүүнбаян багийн малчин Норсүрэн гуайн тугалнууд үхсэн байдаг.Энэ асуудалд одоо болтол цэг тавиагүй. Тухайн үед Засгийн газар өргөн хүрэний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулж ажиллахад селенээс болсон гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл селен нь юунаас болов гэдгийг одоо хүртэл тогтоогоогүй байна.Ингээд манай төлөлөгчид өөрсдийн итгэл үнэмшлээр тус бүртээ асуулт асууж, хариулт авцгаасан. Жишээ нь Зүүнбаянгаас сонгогдсон төлөөлөгч Ц.Гантулга, Улаанбадрахаас сонгогдсон төлөөлөгч Д.Баярсайхан нар иргэдтэйгээ уулзаж энэ тухай мэдээлэл хүргэнэ гэсэн.
-Тэгэхээр хэвлэлүүдээр гарсан мэдээлэл огт худал болж таарах нь ээ дээ?
-Аймгийн ИТХ-ын даргыг чимхэх гэхлээр чимхэх юм олдохгүй байж л дээ.
Та нэг зүйлийг анзаарсан бол цахим ертөнцөд “Дорноговь аймгийн ИТХ-ын
төлөөлөгчдийн зугаалга хэрээс хэтэрлээ” гэсэн хэрнээ дандаа миний
зургийг оруулчихсан байх жишээтэй. Харамсалтай байгаа юм. 2014 онд
манай гэр бүлийн хүн Солонгост эмчилгээ хийлгэж байхад охин бид
хоёрын эргэж очсон зураг, Увс аймгийн Хэцүү хадны орчимд загас бариад
зогсож байгаа зураг, 2012 онд ХБНГУ-д Монгол Улсын Ерөнхийлөгч ажлын
айлчлал хийж байх үеэр би төрийн айлчлалынх нь Ажлын хэсгийг ахалж
явсан. Энэ үеэр 200 хүнд зориулсан хүлээн авалт болсон.Тэр хүлээлэн
авалтын үеийн зургийг, Ноднин жил би АНУ-ын Харвардын Их сургуульд
богино хэмжээний сургалтад сууж байсан үеийн зураг гээд миний
фэйсбүүкээс хувийн зурагнуудыг татаад оруулчихсан байсан.Энэ бол их
муухай соёл юм даа. Сонгууль дөхөж буй нэг шижүүр юм болов уу даа л гэж
ойлгож сууна даа.
Ярилцсан: Ж.ЗАЯАБААТАР
Эх сурвалж: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=649835388495190&id=245286598950073&substory_index=0