Монголд хамгийн томд тооцогдох Сайншандын салхин цахилгаан станцын барилгын ажил ирэх сараас эхлэхээр болсон тухай “Bloomberg” сайт Ферростаал компанийн мэдээлэлд тулгуурлан дамжуулжээ. Үүнээс үзвэл салхин паркийн барилгын ажил 2016 он гэхэд бүрэн дуусах аж. 52 мегаваттын хүчин чадалтай 27 сэнсийг салхин паркт босгох бөгөөд энэ ажилд нийт 115 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм байна.Ингэснээр Монгол Улсын цахилгааны сүлжээнд 52 мегаваттын цахилгааныг нийлүүлнэ хэмээн Сайншанд салхин паркийн захирал Оливер Шнорр мэдэгдэлдээ дурьдсан байна.
Монгол Улс одоогийн байдлаар нүүрсээр ажилладаг цахилгаан станцаас шууд хамааралтайгаар эрчим хүчнийхээ хэрэгцээг хангадаг. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс 2020 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 20 хувийг хангах зорилтыг дэвшүүлэн ажиллаж буй.
Сэргээгдэх эрчим хүчинд нар салхи гэлтгүй усан цахилгаан станц мөн багтаж байгаа. Монгол Улс нар, салхи, уснаас эрчим хүч гарган авах арвин нөөцтэй хэдий ч, өнөөдрийн байдлаар нийт эрчим хүчнийхээ найман хувийг л сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа аж.
2013 онд Улаанбаатараас өмнө зүгт 70 км зайтай байрладаг 50 мегеваттын хүчин чадалтай анхны “Салхит” салхин цахилгаан станц баригдан нээлтээ хийж байсан юм.
Харин Монгол Улсын хэмжээнд хоёр дахь томоохон бүтээн байгуулалт болох Сайншандын салхин паркийг Улаанбаатар хотоос өмнө зүгт 460 км-т байрлах Говийн бүсэд байгуулах гэнэ.Монгол Улсын нутаг дэвсгэрт хийсэн судалгаагаар говийн бүсийн нутагт салхи ихтэй байдаг нь нотлогджээ. Сэргээгдэх эрчим хүчинд нар салхи гэлтгүй усан цахилгаан станц мөн багтаж байгаа.
Нөгөө талаас Сайншандад инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудал шийдэгдсэн, төвийн сүлжээнд холбогдсон учраас энэхүү байршлыг сонгожээ.
“Сайншанд салхин парк” төслийн хувьцааны дийлэнхийг Ферростаал Индустриал Прожекст компани эзэмших юм байна. Уг төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ болон бусад зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагууд төсөл хэрэгжүүлэгчид олгожээ.
Төслийг хэрэгжүүлэхэд Ферростаал компани голлох үүрэгтэй оролцож, “Сайншанд салхин парк” болон гадаадын хөрөнгө оруулагч, дотоодын компаниуд зэрэг оролцогч талуудын хамтын ажиллагааны тусламжтайгаар бүтээн байгуулалт хийгдэх юм байна. Энэхүү төслийн хувьцааны дийлэнхийг төсөл хөгжүүлэлтийн үйл ажиллагаа явуулдаг Ферростаал компани эзэмшин голлох үүрэгтэй оролцож байгаа юм.
Германы Ессен хотноо байрлан үйл ажиллагаагаа явуулдаг тус компанийн зүгээс мэдээлж буйгаар Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-тай банк, санхүүгийн байгууллагууд хүлээн зөвшөөрсөн цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гүйцэтгэгч байгууллагатай гэрээний урьдчилсан нөхцөлд гарын үсэг зурсан байна.
Түүнчлэн, олон улсын хөгжлийн банкнаас хийгдэх санхүүжилт ойрын хугацаанд шийдэгдэхээр болжээ. Уг салхин паркийн жилд үйлдвэрлэх эрчим хүчний хэмжээ нь төвийн эрчим хүчний системийн хэрэглээний 3.5 хувьтай тэнцэх юм.
Түүнчлэн Сайншанд салхин парк нь жилдээ 100 мянга гаруй айл өрхийн цахилгааны хэрэглээтэй тэнцэх цэвэр эрчим хүчийг нэгдсэн сүлжээнд нийлүүлж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээс бий болох 200 гаруй тоннтой тэнцэх нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулан, хоёр сая.м3 орчим цэвэр усны зарцуулалт болоод 50 мянга гаруй тонн нүүрсийг хэмнэх юм байна.
Эх сурвалж: http://www.ikon.mn/n/fa3