Дорноговь аймгийн тогтмол хэвлэл “Ялалт” сонины анхны дугаар гарсны 70 жилийн ойн баярыг 2015 оны 5-р сарын 9-ны өдөр тэмдэглэхээр болжээ. Тухайн үед “Ялалт” сонин нь аймгийн хөдөлмөрчдийн харах нүд, сонсох чих болж нам засгийн бодлого шийдвэр, ард түмний санал бодлын индэр байсан төдийгүй 60 гаруй жилийн түүхэн гэрч байсныг сонинд ажиллаж байсан ахмад сэтгүүлчид онцоллоо. Уг хэвлэлийн түүхэн 70 жил 5-р сарын 9-нд тохиож буйг үе үеийн олон арван сэтгүүлчид, тус сонины үйлдвэрт ажиллаж байсан ажилтан, ажилчдын ахмадын төлөөлөл санаачлан эх орны их дайны ялалтын 70 жилийн ойтой хамтатган тэмдэглэхээр болсон байна. Ойг тэмдэглэх ажлыг аймгийн төр захиргаа болон нам, олон нийтийн байгууллагууд, сониноо захиалан уншиж байсан олон арван уншигч, идэвхитэн бичигчдийн төлөөлөл, ахмадууд баяртайгаар дэмжиж байгаа гэдгийг “Ялалт” сонинд ажиллаж байсан сэтгүүлчид баярыг зохион байгуулах ажлын хэсгийнхэн хэлж байна.
/зургийн тайлбар/ - Баруун гар талаас "Ялалт" сонины сурвалжлагч: Ж.Дансранжав, Зохиолч сэтгүүлч Н.Надмид, Сэтгүүлч Л.Сандуй /1978 он/
Түүх сөхвөл: “Ялалт” сонины анхны эрхлэгч Н.Намжилын эрхлэн гаргасан тус сонин 1960-1980 оны оргил үедээ 7 хоногт 2 удаа нэг удаа 4500 ширхэг хэвлэгдэж бүх сум, албан газар байгууллагуудад хүрч байсан олон нийтийг хамарсан хэвлэл байжээ. Түүнчлэн “Ялалт” сонины “Соёлж” үйлдвэр 1963 онд зориулалтын байранд орж аймгийн бүх байгууллагуудын хэрэгцээт ном, товхимол, хүснэгт маягт, урилга гэхчилэн бүх зүйлийг захиалгаар хэвлэж сонины дугаар бүр малчдын сууринд хүрч байлаа. 1971 онд МХЗЭ-ийн байгууллагын 50 жилийн ойг Улаанбаатар хотод тэмдэглэхэд аймаг бүрийн залуусын амьдрал тэмцэл, уран бүтээлийг харуулсан сонины дугаар бэлтгэж шалгаруулахад “Ялалт” сонин зураг чимэглэл, өнгө үзэмж, нийтлэлийн агуулгаар шалгаран 1-р байр эзэлсэн зэрэг олон сайхан баримтыг дурьдаж болно. Дорноговь аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхдагч болсон тус сонины ойг манай аймгийн хүүхэд залуус, ахмадууд, хөдөлмөрчид ёслон тэмдэглэх нь түүх соёлоо эргэн дурсах таатай боломж олдож байна.
Эх сурвалж: http://dtime.mn