Агуу эх орны дайны Ялалтын 70, “Ялалт” сонин байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэлээ. Агуу эх орны дайны ялалтын баярыг бэлгэдэн Дорноговь аймагт нэгэн тогтмол хэвлэлийн суурь тавигдсан нь “Ялалт” сонин юм. Ойн баярыг зохион байгуулах комиссоос тус сонин үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг ялалтын баяр буюу энэ оны 05 дугаар сарын 09-нд Сайншанд хотноо тэмдэглэлээ. Аймгийн төв талбайд цэргийн парад, Музей сургалт судалгааны төвд гэрэл зургийн үзэсгэлэн, “Саран хөхөө” театрт ойд зориулсан баярын хурал, урлагийн тоглолт болсон юм.
Баярын үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар Улаанбадрах сумын уугуул, өндөр настан Ц.Бат-Очирт “Цэргийн гавьяаны одон” гардуулав. Мөн аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөлөөр “Ялалт” сонины үсэг өрөгч Х.Будсүрэн, сэтгүүлч Ё.Дуламсүрэн нар шагнагдсан байна.
1945 оны 5 дугаар сарын 09-нд аймгийн намын хороо Бага хурлын тэргүүлэгчдийн газрын сонин “Ялалт” нэртэйгээр анхны дугаар хэвлэгдэн гарчээ. Анхны эрхлэгчээр ахмад сэтгүүлч, Норовын Намжил ажиллаж байв. Мэдээж ЗХУ-ын эх орны дайны ялалт дэлхий дахинаа илэрхий болсон болохоор ийнхүү “Ялалт” гэж нэрийдсэн байх. Энэхүү сонин Сайншандчуудын нэгэн жарнаар тоологдох их бүтээн байгуулалтыг сониныхоо шарласан хуудаснаа мөнхлөн үлдээсэн түүхэн гавьяатай сонин юм.
Сонины нийтлэл тухайн үеийн нийгмийн үзэл суртлын өнгө аясыг агуулж, нам төрийн нэгэн хэвийн ажил үйлсийн магтан дуулдаг байсан ч хөдөлмөр зүтгэл, ажил үйлсээрээ бусдыгаа хошуучилж алдрын титмийг гартаа атгасан хүн бүхнийг алдаршуулан магтаж, ажил доголдуулж, алдаа гаргаж амжилтыг хойш татсан нэгнийг хатуу шүүмжилж байснаараа сэтгүүл зүйн үүргийг гүйцэтгэж байлаа.