ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ЧИНГИС ХААНЫ ЭЛЧ ЦАГААН СҮЛД ТӨРИЙН БЭЛГЭДЛЭЭ ЗӨВ ХЭРЭГЛЭМЭЭР...

2015-06-10

Тугийн өргөө. 1937 оны үед маршал Х.Чойбалсан үүрэг өгсөн тул ТУГ тахиж байсан энэхүү гэрийн зургийг авахуулжээ.

Монгол туургатны эрхэм шүтээн, эцэг өвгөдийн сүлд, энхжингийн бэлгэдэл бол Төрийн Есөн хөлт цагаан туг юм. Цагаан туг нь монгол дайчин эрсийн амин насыг батлан даасан, дайсан этгээдийн сүр хүчийг мохоон бууруулагч, онгон азарганы дэл дээр тэнгэрээс буулгасан Дөрвөн хөлт хараа ихт Хар сүлдийн хамт монголчуудын аугаа их шүтээн болдог билээ.
Монголын түүхийн тулгар сурвалж "Монголын Нууц Товчоо"-ны 202-р зүйлд: Төдий эсгий туургат улсыг шулуутгаж (нэгтгэж) барс жил Ононы эхэнд хурж Есөн хөлт цагаан туг байгуулаад Чингис хаанд “Хаан” цол тэнд өгөв хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг. Энэ бол Монголын түүхэнд анх удаа эсгий туургатныг нэгтгэж, 1206 онд Чингис хаанд хаан цол өргөмжилсөн түүхэн үйл явдлыг тэмдэглэн дурьдаж буй хэрэг билээ. Чингис хааны түүхэн гавьяа бол дэлхийн талыг эзэлсэн их гүрнийг байгуулах үндсийг тавьсан, хүн төрөлхтний түүхэнд олон чухал үүрэг гүйцэтгэсэн гэхээсээ илүүтэй одоогийн Монгол үндэстнийг бүрдүүлсэн явдал юм. Чухам энэ үеэс Монгол үндэстэн бүрэлдэж, Монгол гэдэг нэр нийт улсын нэр болж, Монгол гэдэг нэр ертөнцөд дуурсагдах болсон билээ.
Мөн түүнчлэн "Монголын Нууц Товчоо"-ноос хойшхи дараа дараагийн монголын түүхийн сурвалжуудад Есөн хөлт цагаан тугийн тухай тэмдэглэгджээ.

Тухайлбал:

Лу Алтан товчид: Дөчин таван насандаа бин (улаан) барс жил Онон мөрний тэргүүнээ Есөн хөлт тугаа байгуулж хаан их ор суувай хэмээжээ. Их ор хэмээх нь нийтийн хэллэгт хаан ширээ гэдгийг хэлж буй монголын төр ёсны хэллэг бөгөөд Чингис хаан дөчин таван настай хаан болсон түүхийг бэлгэдэн дурсаж өдгөө цагийн монголын төрийн ёсонд дөчин таван нас хүрсэн хүнийг улсынхаа ерөнхийлөгчөөр сонгодог нь төрийн уламжлал, шинэчлэлийн нэгэн жишээ мөн гэлтэй.
Саган сэцэний Эрдэнийн товчид: Төдий даруйд Онон мөрний тэргүүнээ байлган хатгасан Есөн хөлт цагаан тугаа босгон гэхчлэн сурвалжуудад өгүүлжээ.
Төрийн Есөн хөлт цагаан туг нь түүхэн ээдрээтэй урт замыг туулан ХХ зуун болж ирэхэд Монгол угсаатны дунд хэд хэдэн газар уламжлагдан хадгалагдан үлдсэн байна.
- Нэг нь Өвөрлөгч нутаг Ордосын Үүшин хошуунд тахигдаж байсан "Цагаан туг",
- Монгол улсад хуучин Засагт хан аймгийн Лу жанжин гүнгийн хошуунд буюу одоогийн Увс аймгийн Өндөрхангай суманд тахигдаж байсан "Цагаан туг",
- Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу буюу одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт тахиж байсан "Төрийн сүлд" хэмээх "Цагаан туг" юм. Өөрөөр хэлбэл, Монгол улсад хоёр л газар Төрийн Есөн хөлт цагаан тугийн Элч туг хадгалагдан үлджээ. Нэг нь Засагт хан аймгийн Лу жанжин гүний хошууны төрийн тахилгат Хан-Хөхий уулын өвөрт, нөгөө нь Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны эртний тахилгат Хутаг уулын өвөрт байжээ. Хутаг уулын өвөрт байсан Төрийн сүлд хэмээх Цагаан тугаар жишээлэн авч үзэхэд, анхандаа Цагаан тугийг Хутаг уулын өвөрт тахиж байгаад хожим хойш шилжүүлж холгүй орших Хөх овоо буюу Сүлдэнэ хөх толгойд байршуулан тахих болсон байна. Тэрхүү Цагаан туг нь тусгай өргөөтэй, сүлдийн жастай, үе дамжин тахиж, хамгаалж байсан тахилч тугч болон тугч отгийнхонтой байжээ.

Энэхүү Мэргэн вангийн хошууны Цагаан туг нь 1930-аад оны сүүл үед устгагдсан бөгөөд харин түүний сэрээ болон ишинд байсан хамгаалагч баатар эрийн шүтээн, чүн чулуун сахиус нь үлдэж хоцорсон бөгөөд энэхүү Цагаан тугийг дахин сэргээхэд ишинд нь хийн байрлуулж, эдүгээ Дорноговь аймгийн музейд сэргээсэн байдлаар үзмэр болгон хадгалж байна. Нөгөө Лу жанжин гүний хошууны Цагаан тугийг мөн сэргээж эдүгээ Увс аймгийн Өндөрхангай сумын сүм хийдийн хашаанд тусгайлан жижиг хийдэд байрлуулан хадгалж байна. Харин эдүгээ Монгол улсын Төрийн ордонд дээдлэн залсан Есөн хөлт цагаан туг бол 1990-ээд оны эхээр Монгол улс ардчилал шинэчлэлийн замаар замнах болсон тэр үед монголын сор болсон эрдэмтэн мэргэдийг оролцуулж Бүх цэргийн Хараа ихт хар сүлдийн хамт бүтээн залсан Есөн хөлт цагаан туг юм.
Элч сүлдийг залж байсан тухай түүхэн сурвалжийн болоод судлаачдын тэмдэглэлд дурьджээ. Тухайлбал,

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул нэрт түүхч, Академич Н.Ишжамц гуайн нэгэн бүтээлд Мэргэн ван Гүрших нь Чингис, Тулуй, Батмөнх, Гэрсэнзийн шууд угсааны хүн учраас Элч Цагаан сүлдийг хадгалан тахиж байсан, ... Чингис хааны үед хаан хөвгүүдийг аян дайнд мордоход элч сүлдийг өгч мордуулдаг ба тэд очсон газраа Элч сүлдэндээ дахин дагуул найман сүлд бүтээн төрийн сүлдээ болгодог. Их Юань улсыг байгуулсан Хубилай хаан ч гэсэн мөнхүү найман дагуул цагаан сүлд үйлдэн дагуулж байжээ хэмээн бичсэн байна.
Мөн XVI зууны үед бичигдсэн Эл хаант улсын түүхэнд холбогдох "Бабур наме" хэмээх түүхэн сурвалжид Эл хаант улсад Есөн хөлт сүлдийг (Элч сүлд) залж буй зураг дүрслэлийг тодорхой өгүүлжээ.
Монгол Улсын Үндсэн Хуулийн нэгдүгээр бүлгийн, 12-р зүйлийн 1-д Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. 4-т Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн хэмээн заажээ.

Гэтэл өнөө цагт монголчууд бид төрийнхөө бэдгэдлийн мөн чанарыг алдагдуулж байна. Өнгөрөгч 2014 онд Монгол улсад 100 гаруй сумдын ой тохиож, тэдгээрээс 80 гаруй сумд нь түүхт 90 жилийн ой буюу тэгш ойгоо тэмдэглэсэн. Эдгээр олон сумдын тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлсэн байдал нь талархал сайшаал, бас олон шүүмжлэлийг дагуулсан. Тэр олон шүүмжлэлийн нэг нь сумдынхаа ойн наадмаар Төрийн Есөн хөлт цагаан сүлдийг залж хэрэглэж буй явдал байсан юм. Олон ч наадмын үйл ажиллагааг телевизүүдээр шууд дамжуулан үзүүлсэн. Аймаг болоод сумдын наадмаар хэн дуртай этгээд нь өөр өөрсдийн дураар Эзэн Богд Чингис хааны Есөн хөлт цагаан тугийг бүтээн залж, хэмжээ хийгээд төрийн бэлгэдэлийн утгыг алдагдуулан хэрэглэх болсон юм. Монгол улсад нэг л Төрийн есөн хөлт цагаан туг байх ёстой. Харин Цагаан тугийн Элч сүлдийг залдаг эртний уламжлалыг даган Увс болоод Дорноговь аймагт Цагаан тугийн элч сүлдийг бэлгэдэл утга, ёслол төгөлдөр үйлдэж, хүндэтгэн залах ёстой.

Эх сурвалж: Дорноговь аймгийн уугуул, ШУА-ийн Түүхийн ухааны доктор Б.Баатархүү

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%