ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Г.Ганбаатар: Хэн ч хариуцлага хүлээхгүй болохоор хүн болгон л эрх мэдэл рүү хошуурч байна

2015-06-17

Энэ удаагийн ярилцлагын буланд "Нутгийн удирдлага" сэтгүүлд нийтлэгдсэн Орон нутгийн шилдэг удирдагч, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатарын ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.

БЛИЦ АСУУЛТ:

-Өглөө ирээд ажлаа юунаас эхэлдэг вэ?
Ирсэн бичиг тоот, өргөдөл санал, гомдолтой танилцах, тухайн өдөр юу хийхээр төлөвлөсөн түүнээсээ
-Таны хэлэх дуртай үг?
Санаа зөв бол заяа зөв
-Та хэр баян хүн бэ?
Ээжтэйгээ байгаа хүн чинь энэ дэлхийн хамгийн баян хүн шүү дээ. Сэтгэлээрээ найз нөхдөөрөө баян хүн.
-Танд байдаг хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ?
Миний гэр бүл.
-Г.Ганбаатар гэдэг хүнийг нэг үгээр тодорхойлж хэлнэ үү?
Өөрөө өөрийгөө дүгнэж хэлж чадахгүй байна. Өөр хүмүүсээс ялангуяа намайг сайн мэдэх хүмүүсээс асуух асуулт юм биш үү.
-Таны баярласан сэтгэл хөдлөл яаж илэрдэг вэ?
Би сэтгэл хөдлөл багатай хүн дээ.
-Та хэр зарчимч хүн бэ?
Хувь, хувьсгал хоёрынхоо заагийг нь сайн барих.
-Таны итгэл үнэмшил?
Зөв гэж бодсон зүйлийнхээ төлөө бол явнаа.
-Та хэр эмзэг хүн бэ?
Эмзэг хүн. Итгэж явсан хүн маань итгэл алдахаар их эмзэглэдэг. Хүндэтгэж явсан хүнээ жижиг зан гаргахаар нь их ичдэг дээ.
-Таны мөрөөдөл юу вэ?
Мөрөөдлөө ярьчихаар биелдэггүй гэдэг биз дээ. Монгол гэж энэ сайхан улсын цөөхөн иргэд нь баян, нэн баян гэсэн хоёрхон ангилалд амьдраасай гэж.
Таны авьяас?
Шүлэг унших.
-Таны унших дуртай ном?
Хувь хүмүүсийн намтар, гоё яруу найргийн шүлгийн ном.

Г.Ганбаатар нь шударга шулуухан зантай, хүний жинхэнэ анд нөхөр байж чаддаг,эр хүний ноён нуруутай, жудагтай, элдэв юманд оролцоод төрийн нэрээр хувийн эрх ашиг хөөгөөд яваад байдаггүй нэгэн. Тэрээр Герман, Англи хэлтэй, НӨУБ-ынгадаад харилцаа, хамтын ажиллагаанд бодит хувь нэмрээ оруулж яваа НӨУБ-ын чадварлаг боловсон хүчний нэг юм. Г.Ганбаатар нь 2 жилд нэг удаа бүх орон нутгийн санал асуулгаар тодруулдаг “Орон нутгийн шилдэг удирдагч-2014”-аар шалгарсан шилдэг удирдагч гэдгийг онцолж байна.

-Та багийн Засаг даргаас аймгийн ИТХ-ын даргаар хоёр ч сонгууль хүлээж нутгийн удирдлагын байгууллагын шат шатанд ажиллаж ирлээ. Тэгэхээр та залуу насаа энэ салбарын жаргал зовлонд зориулж ирсэн цөөхөн хүмүүсийн нэг. Ер нь орон нутгийн улс төр гэж юу юм? Нутгийн удирдлагын өнөөгийн хөгжлийн замналыг та юу гэж харж байна?

-Залуу насаа? Би одоо ч залуу хүн шүү дээ. /инээв./ Тийм ээ. Хотод амьдрал ахуйгаа төвхнүүлчихсэн байсан хүн хөдөө хүнд өвчтэй байсан аавыгаа сахих гэж очоод нутаг орондоо тэр тусмаа хөдөөгийн багийн Засаг даргаар үлдэж ажилласан тэр цагаас хойш 16 жил өнгөрчээ. Миний амьдралдаа хийсэн гэнэтийн шийдвэрүүдийн нэг байсан юм. Хөгшин хонины насгүй болсон аавыгаа амьд сэрүүнд нь нэг ч болов баярлуулъя даа гэж хэлсэн үгээ биелүүлж, тийм гэнэтийн шийдвэр гаргаж байлаа. Энэ тухай яривал их урт бас сонин түүх л дээ. Нутаг орондоо очиж төрийн албыг анхан шатнаас нь өнөөгийн аймгийн хурлын дарга хүртэл хашихад түшиж тулж явсан нутгийн олон түмэн, алт шиг сургаалаа хайрлаж зааж чиглүүлж явсан ахмад буурлууд, дэмжиж туслаж явсан найз нөхдүүддээ баярлаж явдаг даа. Эргээд бодоход баг, сумын түвшинд хоёр жил гаран аймгийн түвшинд арав гаруй жил ажиллаж, 2008 оноос хойш аймгийнхаа ИТХ-ын даргаар ажиллаж байна.
Ер нь орон нутагт улс төр байх хэрэггүй гэж үздэг хүний нэг. Орон нутгийн улс төр гэж ах дүү, найз нөхдийг хооронд нь талцуулсан аймаг, сум, цаашлаад гэр бүлийг хүртэл хэрүүл уруулд хутгаж байгаа 4 жилд нэг болдог улс төрийн намуудын сонгуулийг хэлдэг байхдаа. Одоо ер нь ард иргэд нь нам, улс төржилтөөс үнэндээ залхаж байна. Баг мөн сумын түвшинд улс төр байх шаардлагагүй, шууд сонгодог байх хэрэгтэй. Харин итгэл хүлээлгэсэн хүн нь итгэлийг эс даавал хэрхэн хариуцлага тооцох уу гэдгийг зайлшгүй бодох зүйл.
Нутгийн удирдлагын өнөөгийн хөгжлийн замнал гэхээр яг юуг нь ярих ёстой юм бол доо? Дагнаад яривал том сэдэв шүү дээ. Та бид хоёрын цаг зав юу билээ? Ерөнхийд нь хэлвэл алдаж онож үзэх ёстойгоо л үзэж явах шиг. Хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох, Монгол төрийн уламжлалт ёс, үнэт зүйлд тулгуурласан орон нутгийнхаа асуудлыг өөрсдийнхөө оролцоотойгоор бие дааж шийдвэрлэж чадах тийм л нутгийн удирдлагатай байхыг иргэд ч тэдний итгэлийг хүлээн сонгогдсон үе үеийн шат шатны төлөөлөгчид энэ салбарт ажиллаж байсан бүх хүмүүс хүсдэг юм даа.

-Аль ч засаглал орон нутгийн эрх ашгийг “үл хүндэтгэсэн” орхигдуулж гээгдүүлж ирсэн. Та үүнтэй санал нийлэх үү? Үүний учир юунд байна вэ?
-Аль ч засаглал гэдэг нь Төв засгийн газар уу эсвэл орон нутаг дахь төрийн удирдлага уу? Засгийн газраас бүхнийг зохицуулах гэсэн хуучин арга барил, хүсэл мөрөөдөл бол байсаар байна. Хэн нь юу хийх тухай эрх мэдлийн хуваарилалт нь маш тодорхой байх нь чухал. Одоогийн мөрдөгдөж байгаа манай хуулиуд ихэвчлэн чиг үүргийн давхардсан, тодорхойгүй байдагт учир нь оршдог байх.
Нөгөө талаасаа Нутгийн захиргаа нь хэдийгээр “өөрөө удирдах ёсны” гэж нэрлэгдэх боловч үндсэндээ бүх шатны Засаг дарга нар дээд шатныхаа улмаар аймгийн Засаг дарга нь МУ-ын төв засгийн газрын нэг хэсэг болж байгаа нь тухайн шатны Хурлын өмнө гэхээсээ илүүтэй Ерөнхий сайдын өмнө хариуцлага хүлээж байгаа нь учир дутагдалтай. Аймгийн ЗДТГ-ын бүтэц, орон тоог ЗГ-аас тогтоож өгч байгаа нь мөн л орон нутгийн эрх мэдэлд оролцсон явдал юм.

-НӨУЁБ-т Үндсэн хуулиар олгогдсон эрх хэмжээ алдагдаж хумигдаж байна гэж та үздэг,зөрчилддөг эмзэглэдэг хүний нэг. Яаж зөв гольдролоор хөгжүүлж орон нутгийн бие даасан байдлыг хангах вэ?

-Хурлын байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр жаахан санаачлагатай ажиллаж байгаа нь таньд тэгж санагдсан байх. Нутгийн өөрөө удирдах ёс бол Үндсэн хуулинд тусгагдсан Монголын ардчилсан төрийн салшгүй хэсэг юм 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар НӨУБ-ыг орон нутгийн удирдлагын салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг гэж тодорхойлсон ч НӨУЁБ-ын баталгааг хангах асуудал дээр их учир дутагдалтай байсан нь 2008 онд намайг энэ ажлыг авахад л мэдрэгдэж байсан. Орон нутгийн биеэ даасан байдал гэдэг нь эдийн засгийн хүний нөөцийн мөн орон нутгийн татвараа өөрсдөө тогтоох гээд цогц ойлголт юм. Төсвийн шинэ хуулиар орон нутаг ялангуяа сумдууд төсөв санхүүгийн асар их боломжтой болж байгаа боловч ард нь их хариуцлага дагалдаж байгааг бас мартаж болохгүй. орон нутгийн хөгжлийн сан дээр учир дутагдалтай зүйлүүд эрх зүйн талаасаа ч бас зарцуулалт, гүйцэтгэл талаасаа ч харагдаж л байна. Амьдрал баян юм алдаагаа оноогоо засаад залруулаад явах нь чухал байх. Орон нутагт хүний нөөцийн эрх мэдэл алга. Төсөв санхүү, боловсон хүчний эрх мэдлийг тухайн орон нутагт нь багцаар нь өгөх нь чухал байна. Ямар ажлыг хэдий хүний нөөцөөр хэдий хөрөнгөөр шийдэхээ өөрсдөө шийддэг байх нь чухал.

- Та Германд боловсрол эзэмшсэн хүн. Олон улсад нутгийн удирдлагын сонгодог тогтолцоо нь ямар байдаг бол? Тэднээс бид юугаараа давуу юугаараа дутагдалтай байдаг вэ? Бидэнд өөрсдөөсөө хамаарах удирдлагын ямар боломж байна вэ?

-Би Герман улсад төрийн удирдлагын чиглэлээр сураагүй. Харин бизнесийн удирдлага маркетинг менежментийн чиглэлээр сурсан. Улс орон болгон өөрийн уламжлалт удирдлагын тогтолцоог цаг үе нөхцөл байдалдаа тохируулан авч явах нь нутгийн удирдлагын тогтолцооны бат бөх суурь болж байх шиг манай уламжлалт тогтолцоо юу вэ гэхээр цөөхөн монголчууд бие биенээ сайн мэддэг учир удам судар сайтай мэдэх хүндээ итгэл үзүүлдэг байсан явдал. “Хүн адуу хоёр удам дагадаг”, “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гээд олон хэлц үгнүүд байдаг байхаа. Бие биенээ удам судраар нь сайн мэддэг байсан “Монголчууд” өнөөдөр нам хэмээх хайрцагласан бодлогоор удирдуулж намын квот гэж “сонгогч иргэд” гэж байхгүй хэдхэн хүний эрх мэдэлд орон нутгийн эрх мэдлийг өгч байгааг нэг их таашаахгүй байна. Нөгөө талаасаа төлөөллийн ардчилал ч бас учир дутагдалтай юм. Төлөөлж байгаа ард иргэдийн өмнөөс гэхээсээ илүү дэвшүүлсэн нам, намын даргадаа таалагдах гэхдээ “бусдын өмнөөс шийдвэр гаргах эрхээ” мартаж байх ч үе байна шүү дээ. Саяхан “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр АУЗ Б.Лхагвасүрэн гуай “Тэнэг цаг үе” гэх айхтар үг хэлсэн шүү. Тийм ч учраас МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлан төлөөлөлийн ардчиллыг шууд ардчилалтай хэрхэн хослуулж хөгжүүлэх талаар олон санал дэвшүүлж байна. Энэ дашрамд нэг зүйлийг онцолж хэлэхэд: Шууд ардчилал нь ч бай төлөөллийн ардчилал нь ч бай хамаагүй зардал мөнгө хэмнэх үүднээс УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуулийг хамтатган явуулах тухай яриа их хүчтэй яригдаж байна. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага орон нутгийн сонгууль бол тухайн орон нутгийн өөрийн удирдах ёсны байгууллага болох шат шатны ИТХ-ыг сонгох агуулга мөн чанарын хувьд тэс өөр тус тусдаа хуультай сонгуулийг нэгтгэн явуулах гэж байгаа нь буруу юм.

-Г.Ганбаатар гэдэг хүний өөрийн удирдлагын арга барил, хэвшүүлж хэрэгжүүлсэн зүйл? Баримталдаг зарчим?

-Чадварлаг сайн баг бүрдүүлээд, хамт олноо нэг зүг рүү харуулах өөрөөр хэлбэл баг нь зорилгоо сайн мэдэж байхад удирдах ажил хийнэ гэдэг бол зүгээр чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байгаатай адил. Сайн баг бүрдүүлээд ажиллах нөхцөлөөр нь сайн хангаад үүрэг даалгавраа маш тодорхой өгч гүйцэтгэлийг нь хянаж шахаж урамшуулал, зэмлэл хоёрыг хослуулж явах. Ер нь сайн баг зорилгоо өөрөө олоод харчихдаг юм. Баримталдаг зарчим гэвэл ямар ч тохиолдолд хэлсэндээ хүрдэг байх, бас аливаа зүйлийг сэтгэлээсээ хийх.

-Өнөөдөр Дорноговь аймагт хийгдэж байгаа томоохон ажлууд, аймгийн сонин хачин, содон ажил хөтөлбөрүүдээсээ яриач?
Танай сэтгүүлийн “жижүүрийн асуулт байх” тиймүү? Яагаад би ингэж хэлж байна гэхээр “Нутгийн удирдлага” сэтгүүлд ярилцлага өгсөн хүмүүсийн ихэнх нь ялангуяа аймаг, сумдын Засаг дарга нар бол би, бид тийм юм хийлээ, хийх гэж байна гээд мөрийн хөтөлбөр бас тайлангаа тавьчихсан байх шиг байдаг юм. Тэр нь ч буруу биш л байх л даа, боломж гарсан дээр нь хийж байгаа зүйлээ бусдад сурталчилаад байх нь буруу нь юу байхав. Гэхдээ танай сэтгүүлийн нийтлэлийн бодлого гэж бас чухал зүйл байгаа. Аливаа зүйлийн оновчтой харьцаа чухал л даа. Хэтэрвэл зар сурталчилгааны сэтгүүл шиг болчихно. 2008 оноос хойш “Шинэ Дорноговь-1,2” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Зургаан жил бол бас нэг хийж хэрэгжүүлэх бодож байсан зүйлийнхээ үр дүнг сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх эс зөвшөөрөх гээд улс төрийн маргаан бараг жил хагас, ахиад дараагийн сонгууль энэ тэр гээд хагас жил гээд хоёр жил нь улс төржөөд дөрвөн жилд нь улс төргүй байх юм шиг. Өнгөрсөн зургаан жилд улс орны төсөв санхүү гайгүй орон нутгийн төсвийн эрх мэдэлд нэмэгдсэн гээд ажил хийх хүнд бол бас санасандаа хүртэл биш юмаа гэхэд боломжийн хэмжээнд ажиллаж болохоор он жилүүд байлаа. Дорноговь ямар байсан одоо ямар болсныг иргэд маань мөн дайран өнгөрч байгаа хүмүүс харж байгаа биз дээ, тэрнээс бид тэгсэн бидний үед ийм болгосон гээд цээж дэлдээд байх нь утгагүй. Харин өвөрмөц сонин содон ажил, хөтөлбөр гэхээр бүтээн байгуулалт талаасаа юу? Эсвэл Хурлын ажил талаасаа юу?

-Хурлын ажил талаасаа?
-Хурлын ажил гүйцэтгэх засаглалын ажил хоёр их өөр. Хурлын гол ажил нь хуралдаан, оюун санааны болоод мэтгэлцээний уралдаан болж байдаг байгууллага шүү дээ. Үр дүнд нь ард иргэдэд өгөөжтэй нутаг орны хөгжилд дэмтэй шийдвэр л гарч байх нь чухал. “Орон сууц хөтөлбөр ” “Аялал жуулчлалын хөтөлбөр” ... гээд олон л бодлогын бичиг баримтууд гаргажээ. Яг өнөөдөр гэвэл бид аймгийнхаа ард иргэдийг зуны халуунд ч, өвлийн хүйтэнд ч очоод амарч байх “Иргэдийн цэцэрлэгт хүрээлэн” гээд төсөл эхлүүлээд зураг төсөв, геологи хөрсний шинжилгээний ажлыг нь хийлгээд аймгийн төвөөс Хамрын хийд явах замд засмал замын дагуу 30 га газарт уг ажлыг энэ онд эхлүүлэх юм. Ард иргэд маань аймгийн төвөөс 10 хүрэхгүй минут давхиад уг цэцэрлэгт хүрээлэнд очиж амарч, усан бассейн усан гулгуур цэцэрлэгт хүрээлэнд зугаалж байх юм. Үе үеийн аймгийн ИТХ төсөв мөнгө урсгал зардлыг нь хариуцаж явах учиртай. Үндсэндээ Иргэдийн хурлын брэнд ажил болох учиртай. Хөрш Эрээн хотын хурлынхан ч энэ ажлыг маань ихэд сонирхож саяхан ирээд бид дэмжье, тусалъя мод бут, суулгац өгье гээд газрын байршил зураг төсвийг нь үзээд явсан. Мөн мэдээлэл технологийн давуу талыг ашиглан гар утастай иргэн бүрт мэдээллийг маш шуурхай хүргэдэг, иргэдээс хүсэлтийг нь хүлээж авдаг “SMS” үйлчилгээг бий болгосон. Хөдөө орон нутагт явж байхад иргэд маань Ерөнхийлөгч, УИХ, ЗГ-ын үйл ажиллагааг орой болгон шахуу телевизээр авч чадаж байна, Харин багт байгаа нь сумандаа, суманд байгаа нь аймагтаа юу болоод байгаа талаар мэдээлэл авч чадахгүй байна гэх хүсэлт ирдэг. Одоо 40 орчим мянган иргэдийн дугаар луу аймгийн ИТХ-аас шууд мэдээлэл хүргэж, тэдний санал хүсэлтийг мөн мессэжээр хүлээн авч холбогдох албан тушаалтан, агентлаг хэлтэс рүү шууд дамжуулж хэрхэн хариу хүргүүлж байгаад нь хяналт тавих боломжтой болоод байна.

-Энэ цаг үед тантай хамт мөр зэрэгцэн нутгийн удирдлагын байгууллагын удирдах албыг хашиж байгаа үйлс нэгт нөхөддөө хандаж юуг онцолж хэлэхийг хүсч байна?

-Нутгийн удирдлагын байгууллагад удирдах алба хашна гэдэг зүгээр “түр зуурын сонгуульт ажил хийж буй сонгогдсон иргэн” шүү дээ. Хийж бүтээх хүсэл зорилгоо биелүүлэх боломж гэж би бас ойлгодог. Мөн нутаг орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэгэн цаг үед удирдах ажил хийнэ гэдэг тийм ч олон хүнд тохиогоод байдаг хувь тохиол биш байх. Энэ боломж тохиолыг бүрэн дүүрэн ашиглаж ажиллаасай л гэж хүсэх байна. Урьдын сайн үйлсийн үр, ашдын ерөөлөөр ийм сайхан Монгол оронд төрсөн бид үнэхээр азтай улс шүү.

-Та өмнөх Засгийн газрын үйл ажиллагааг ихээхэн шүүмжилж байсан хүний нэг. Үүний нэг жишээ бол Төв ЗГ-тай зөрчилдөх, аймгийнхаа Засаг даргаа огцруулах хүртэл үйлдэл хийж байсан. Аймгийн НӨУБ –ын шийдвэрийг Засгийн газар яагаад хүчгүйдүүлэв?

-Зөрчилдөх ч юу байхав дээ. Санаж бодож байгаагаа л хэлдэг. Нутгийн өөрөө удирдах ёс бол үндсэн хуулинд тусгагдсан Монгол төрийн салшгүй хэсэг гэдгийг сануулдаг. Ний нуугүй хэлэхэд 2012 оноос хойшхи ЗГХЭГ-т НӨУЁБ-ыг ойлгодог, мэддэг, дэмждэг хүмүүс их хомс болсон. Аймгийн засаг дарга огцруулсан тухайд бол “хувь хүний ёс зүйгүй үйлдэл”-д нь аймгийн ИТХ дахь манай намын бүлэг олонхиороо хариуцлага тооцсон. Ер нь удирдах ажил хийж байгаа хүний ёс зүй бол манай төрийн “дархлаа” байх учиртай. Ёс зүй, ёс суртахуун, хариуцлага гэдэг үг энэ цаг үед мартагдах гээд байх шиг. МУ-ын ерөнхий сайдаас та бүхний шийдвэрийг дэмжих боломжгүй байна гэсэн нэг албан тоот ирэхэд л хурлын шийдвэр хүчингүй болчихож байгаа нь НӨУЁБ ямаршуухан хүчтэй байгааг л харуулж байгаа явдал. Нөгөө л эрх зүйч орчингоо сайжруулахтай холбоотой.

-Энэ бүхнийг зарим нэг хүмүүс таныг болон зарим нөхдүүийн зөвхөн албан тушаалд шунасан үйлдэл мэтээр ойлгосон. Гэхдээ олонх нь таны эр зориг, бие даасан байдлыг үнэлсэн. НӨУБ-ийн эрх ашиг, сүр хүчийг харуулж чадсан хэрнээ яагаад шийдвэрээ хамгаалж чадсангүй вэ?

- Миний биш ээ, хурал бол хамтын удирдлагын байгууллага. Тухайн үед бидний хэсэг нөхдийн талаар тийм яриа гаргасан л байх. Дараа нь аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг дээр Засаг даргаас ойлголцож хамтарч ажиллах санал ирсэн. Хууль эрх зүйн хүрээнд дахиад нэг жилийн хугацаанд огцруулах асуудлыг дахин тавихгүй гэсэн заалт байдаг. “Дуугүй байх нь заримдаа хатуу шүүмжлэл болдог” гэж байдаг биздээ.

- Таны хувьд ард түмний итгэл гэж юу вэ?
-Өөрийнхөө зарим эрхийг бусдад өөрөөр хэлбэл итгэж найдаж байгаа хүндээ шилжүүлж миний өмнөөс шийдвэр гаргаж бай гэж өгч байгаа онцгой харилцаа.

- Шийдлийн Засгийн газарт та ямар итгэл найдвар хүлээлтийг тавьж харж байна?

Олонхи дангаараа шийдэж болохгүй байгаа хуримтлагдсан олон асуудлыг шийдэх гэж л хамтарсан байх. Эдийн засаг маш хүнд байгаа үед ядаж эрх зүйн орчингуудаа сайжруулаасай л гэж хүсч байна. Үндсэн хууль, сонгуулийн хууль, ЗЗНДНТУТХууль маш олон хуулиудыг амьдралд нийцүүлж өөрчлөх шаардлагатай байгаа. Хэтэрхий олон энэ засаг захиргааны нэгжүүдийг нэгтгэх шаардлага ч байгаа. Хөгжил бол бас төвлөрөл. Орлого хомс бол зарлагаа багасгах нь зах зээлийн хууль. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ гайгүй байсан он жилүүд хийгээд Австралид үер болсон нь манай гол экспорт нүүрсний зах зээлд боломж олгож манай эдийн засаг ч огцом тэлж бид ч дандаа ийм байх юм шиг санасан байх. Гэнэт идэх гэдсэн халтай л гэдэг болчихоод байна. Их идээд сурчихсан ходоод хоолыг нь огцом хасахаар хүний бие организмд ямар хямрал нөлөө үзүүлэх үү? Тэр зураг л одоо манай улсын эдийн засагт үзэгдэнэ дээ. Улс төр нь эдийн засгаа боодог, Үндсэн хууль нь засаглалын хямрал руу түлхдэг, тогтвортой байдал байхгүй, ямар ч хариуцлагын тогтолцоогүй цаг үе. Шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш 23 жилийн хугацаанд 14 Ерөнхий сайд ажилласан нь манай төр засаг хэр тогтвортой ажиллаж байгаа талаар бодогдох биз. Би гэхэд л С.Баяр, Сү.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг гээд дөрвөн Ерөнхий сайдын нүүр үзэж. Хэн ч хариуцлага үүрэхгүй болохоор хүн болгон л эрх мэдэл рүү хошуурч байна шүү дээ.

-Та Монгол орны хөгжлийн гарцыг юу гэж хардаг вэ?
Ямар ч нийгмийн хөгжил явж явж цаана нь хувь хүний хөгжил л байдаг. Хэрүүлийн алим болоод байгаа Оюу-Толгой, Таван-Толгой бол хөгжил бишээ. Уул уурхай бол боломж, харин уул уурхайгаас орж ирж байгаа мөнгийг халамжид тарааж бэлэнчлэх сэтгэлгээ үүсгэх биш Монгол хүнийг хөгжүүлэх, зөв төлөвшүүлэх, эх оронч үзэлтэй болгоход зарцуулах нь чухал. Улс орны хөгжил гайгүй бас эдийн засаг нь боломжтой болоод ирэхийн цагт гадаадын өндөр нарийн цагаач мэргэжилтнүүдийг урьж бас болох. Өндөр хөгжилтэй Америкийн нууц нь Н-1В виза байдаг, хөгжлийн хөдөлгөгч бас нэг хүч бол яах аргагүй нарийн мэргэжлийн цагаач иргэд.

-Саяхан хэвлэл мэдээлэл болон сошиал ертөнцөөр Дорноговь аймгийн ИТХ-ын дарга тэргүүтэй 10 гаруй хүмүүс Европоор зугаалж төсвийн мөнгө үрж тансаглаж байгаа тухай шуугилаа. Энэ талаар та бүхнээс тайлбар хийгээгүй байх?
-Харин тийм. Асуудлын гол нь аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчид Арева компанийн хүсэлтээр Франц улс руу явсанд байсан уу, эсвэл аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар гэдэг нөхрийг гадаадад их аялдаг гэж баалах гээд байсан уу? Зорилго нь арай өөр байсан юм шиг. Миний фейсбүүк рүү ороод аль 2011 оны зуны Увс аймгийн Хэцүү хадны амралтанд амарч байсан зураг, МУ-ын ерөнхйилөгчийн 2012 онд Герман улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ажлын хэсэгт явж байх үеийн, 2013 оны зун манай гэр бүлийн хүн Солонгос улсад эмчилгээнд байх үед нь охин бид хоёрын эргэж очиж байх үеийн гээд баахан зураг энэ тэндээс аваад Аревагийн зардлаар авгай хүүхэдтэйгээ аялж явснаар ойлгуулах гэж бичсэн байна лээ. Авлига, хээл хахууль, газрын наймаа, тендер гээд дарга нарын орооцолддог янз бүрийн муу юманд орооцолдоогүй болохоор “Аяллаар их явдаг дарга” гэсэн л нэг муу нэр зүүх санаатай байсан боловуу? Сонгууль дөхөж байгаа үед юу ч гэж мэднэ дээ. Бидний зорилго бол арай өөр байсан юм. Улаанбадрах суманд болсон асуудлаар өнөөг болтол хэн ч мэргэжлийн байгууллагууд нь ч МУ-ын Засгийн газар ч эцсийн хариу өгсөнгүй. Олон үхэр үхсэн шалтгаан нь Селенээс л болж хордсон л гэсэн Селен хаанаас яагаад бий болсон, байгаль дээрээс үү? Эсвэл хөндлөнгийн нөлөөтэй юу гэдэгт хариу үл өгсөөр хоёр жил дамнаж орон нутагт үл ойлголцол иргэдэд айдас төрүүлж эхэлсэн. Орон нутгийн иргэдийн төлөөлөл биднийг юу ч хийсэнгүй гэдэг. Ураны асуудал бол хэн дуртай нь чөлөөтэй мэдэмхийрдэг сэдэв биш л дээ. Улаанбадрах сум, Зүүнбаян багаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч нар Арева компаний үйл ажиллагаатай танилцах, Бессини муж дахь ашиглаж байсан уурхайтай танилцах, манай аймагт хэрэгжүүлэх гэж буй төслийн хөрөнгө оруулалт, технологийн талаар газар дээр нь очиж шийдвэр гаргадаг түвшний улсууд бид өөрсдөө үнэн зөв мэдээлэлтэй болж эргэж ирээд иргэддээ үнэн бодит мэдээлэл өгөх зорилготой явсан. Удахгүй Монголын үндэсний ТВ-ээр тусгай нэвтрүүлэг гарна. Мөн өдөр тутмын томоохон сайтуудаар мэдээлэл өгнө. Төсвийн мөнгөөр зугаалж явсан бол юу гэж МҮОНРТ, хэвлэл мэдээллийнхэнийг цуг явуулаарай гэж Аревагийн нөхдүүдээс хүсэх вэ дээ. Уг нь бол бид ҮАБЗ-өөс гаргасан чиглэлийн дагуу ГХЯ-аас зөвлөмж чиглэлтэй, ЗГХЭГ-аас батлуулсан удирамжтай явсан. Ер нь манай улсад уу? Олон нийтэд таалагдах гэсэн өчүүхэн амбицнаасаа болж хэн дуртай нь гадаадын хөрөнгө оруулагч руу дуртайгаа ярьж эдийн засгаа алдаг байдал бол хэтэрч байна.

-Арева компаниар зардлаа даалгаж явсан юм биш үү?
-Үгүй дээ. Харин бас тийм юм яриад ашиг сонирхлын хууль зөрчөөд байгаа юм биш үү, Аревагийн зардлаар явсан хүмүүс эргэж ирээд аймаг орноо гэх сэтгэл байх уу гэх гээд байгаа бололтой. Бүхэл бүтэн аймгийн ИТХ байна даа энэ зэргийн гадаад томилолтын зардал байлгүй дээ. Бид ЗГ-ыг муулах гээгүй, Арева компанийг ч магтах гээгүй. Иргэддээ үнэн бодит мэдээллийг л өгөхийг зорилго болгосон. Бидний чадах зүйл энэ л байсан. Хэрхэн тунгаах нь ард маань эрх. Ер нь аливаа зүйлийн талаар мэдээлэл муу, ил тод биш байхаараа л дандаа хар сэр дагуулж явдаг даа. Энэ дашрамд бас нэг зүйлийг хэлэхэд манай аймаг бол улсын төсвийн орлогын төлөвлөгөө биелүүлж орон нутгийн төсвөө өөрсдөө бүрдүүлдэг аймаг. Тийм ч учраас бид гадаад томилолт хийгээд бусад зардал дээрээ бусад аймгаасаа давуу байж магадгүй. НӨУЁБ гэдгийн бас нэг давуу тал нь мөнгөө ол, олсноо өөрсдөө зарцуул гэдэг эрх нь байдаг. Орлого олж улсын төсвийн орлогын төлөвлөгөө биелүүлж яваа аймгуудаа жилээс жилд улам шахаад орлого төвлөрүүлдэггүй аймгуудыг улам бэлэнчлэх сэтгэлгээнд дасгаж хэтэрхий тэнцвэржүүлэх бодлого явуулж байгаад нь би шүүмжлэлтэй ханддаг. Бусад аймаг орон нутаг ч гэсэн бүхнийг төр засгаас шийдэж өгнө гэж бэлэнчилж байхын оронд өөрсдөө санаачлагатай ажиллаж орлогын эх үүсвэртэй болж хөрөнгө босгох хэрэгтэй л юм шиг санагддаг. Мэдээж газар нутгийн байршил, зах зээлийн багтаамж, дэд бүтэц гээд олон хүчин зүйл байгааг үгүйсгэхгүй.

-Гадаадад аялдаг гэхээсээ та чинь хэд онд билээ, НҮБ-ын хуралд очиж Монгол улсыг төлөөлж үг хэлж байсан гэж сонсож байсан юм байна...

-2011 онд Монгол улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн үеэр ерөнхий сайд Сү.Батболд тэргүүтэй том бүрэлдэхүүн Америк явахад бас л явсан. Бодвол арай л хэл устай гээд хөдөө орон нутгаас нэр зааж ЗГХЭГ-аас яв л гэсэн юм болов уу даа. Уг айлчлалын сүүлийн өдөр буюу 10-р сарын 31-нд МУ-ын ЗГ–ын санаачилгаар 2012 оныг “Олон улсын хоршооллын жил” болгон зарлах хурал НҮБ-ын төв байранд болох байсан боловч урьд өдөр нь манай ерөнхий сайд тэргүүтэй албаны бүрэлдэхүүн гэнэт Монгол руу буцсан. Улс төрийн тогтворгүй байдал л бий болсон гэж яригдаж байсан. ХХААХҮЯамны зарим газрын дарга тэргүүтэй цөөхөн хүн үлдээд яах уу? Ерөнхий сайдын илтгэлийг нь хэн тавих уу? Байнгын хорооны хуралдаан дээр хэн Монголыг төлөөлж мэдээлэл хийх үү гэсэн асуудал гарч ирсэн. Уг нь Бельгид элчин сайд байсан Онон гуай НҮБ-д суугаа элчин сайд Энхцэцэг гээд мундаг хэл устай улсууд байсан боловч энд байдаг бид болохгүй заавал Монголоос ирсэн хүн л уг илтгэлийг тавих ёстой гэсэн. Тэгээд миний бие НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан дээр Монгол улсыг төлөөлж хүнсний аюулгүй байдалд дэлхийн байгаль цаг уурын нөлөөлөл сэдвээр илтгэл тавьж мэдээлэл хийсэн дээ. НҮБ-ын ХХААБХорооны хурал чинь ойрын жилүүдэд дэлхийн хүн амыг хоол хүнс усаар гачигдуулахгүй байх тухай л ярьдаг газар байна лээ. 2012 онд МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Герман улсад айлчлал хийхэд нь бас ажлын хэсэгт оролцож явсан. Ер нь зүгээр нэг аялаж зугаалаад явдаггүй юм. Энэ болгоны чинь цаана ажил явагдаж байдаг. Гадаадад томилолтоор ажилласны дараа үр дүнгийнхээ талаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд тайлангаа бас тавьдаг. Хурал чинь хамтын шийдвэрийн байгууллага шүү дээ.

Ярилцсанд баярлалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1320
513 / 39%
419 / 32%
188 / 14%
200 / 15%