ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Мэндчилгээ

2015-07-09

Ноён хутагт Данзанравжаагийн авшиг ерөөл оршсон Дорнын сайхан говь нутгийнхаа хөдөлмөрч бүтээлч зон олон та бүхэндээ тулгар төр үүсэн байгуулагдсаны 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94, Дорноговь аймаг байгуулагдсаны 84, Тээвэрчдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын  халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Түүхэн хөгжлийнхөө явцад манай Дорноговь аймгийн нутгаар олон улсын худалдааны Торгоны, Гүнжийн, Цайны зам дайран өнгөрдөг байсан бөгөөд эдүгээ өргөжиж, улсын эдийн засгийн нийт бараа эргэлтийн 90 орчим хувийг бүрдүүлдэг томоохон боомт, авто тээвэр болон төмөр замын тээврийн хос хөдөлгүүртэй, агаарын замтай, Монголыг гадаадад сурталчлах харилцааны гүүр, эдийн засаг, гео политикийн хамгийн ашигтай байршил бүхий  аймаг болон хөгжих эхлэлээ тавилаа.

Дорнын уудам говьд маань энэ жил байгаль дэлхий ээж хур бороогоо харамгүй хайрлаж, ихэнх сумдад зуншлага сайхан, нар хур тэгширсэн, хүн малын зоо тэнийсэн дэлгэр сайхан зун болж байна. Хэдийгээр улс орны эдийн засаг хүндэрч, төлөвлөсөн төсөв санхүү, орлого багасч буй цаг үе үргэлжилж байгаа ч говь нутгийнхан маань ажил хөдөлмөрийн арвин их ургац хураан авч, иргэдийнхээ оролцоонд тулгуурласан олон чухал ажлыг хийж, аймаг орноо хөгжүүлэх зорилтод хөтөлбөрүүдийн дагуу иргэдийн ажиллаж хөдөлмөрлөх нөхцөлийг хангах, хөдөө аж ахуй, зам тээвэр, барилга орон сууц зэрэг бодит салбарт төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа идэвхжиж, хамтаараа хөдөлмөрлөсэн, зүтгэсэн бүтээлч сайхан жил болж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Нарыг урьтаж тосдог Дорнын сайхан говь нутгийнхныг маань дээдсийн ерөөл буян ивээж эрэмгий хурдан хүлгүүд нь түрүү магнайгаар дүүрэн, энгүй хүчтэй бөхчүүд нь уран мэхээр дүүрэн, эрхий мэргэн харваачид нь цэц мэргэнээр арвин байж, олж авсан ололт амжилтаа бататган, эрүүл саруул, элбэг хангалуун амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Дэлхийд ганцхан Mонгол наадмаараа дэнж хотойтол
 дэлгэр сайхан наадаарай.


ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА ГОМБЫН ГАНБААТАР

Сайншанд хот 2015.07.10

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%