ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Улаанбадрахчууддаа 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе

2015-07-17

Монгол орны уудам говь нутгийн үзэсгэлэнт байгалийн сайхныг хадгалсан Дорноговь аймгийн Улаанбадрах сум үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийт төлөөлөгчид, нутгийн ард иргэдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн  дэвшүүлье.

Улаанбадрахчууд авьяас билиг, эрдэм ухаан, ажил үйлсээрээ үеийн үед улс аймагтаа магнайлж  эхний байруудад шалгарч байсан бахдам амжилт, уламжлалтай бөгөөд УИХ-ын гишүүн, техникийн ухааны доктор Ж.Батсуурь, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Г.Лувсанцэрэн, дэд эрдэмтэн Ц.Басанжав, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Банди, Л.Нарантуяа, гавьяат нэвтрүүлэгч Н.Гунгаа, Монгол Улсын начин, спортын мастер Я.Одсүрэн, спортын мастер Ч.Чулуунбанди, улсын аварга малчин Зоригтбаатар, Т.Мөнхбаяр зэрэг олон арван алдар суутнууд төрөн гарсныг бахархан дурдахад таатай байна.

Мөн Улаанбадрах сум бол ан амьтан, жигүүртэн шувууд чуулсан байгалын баялаг ихтэй нутаг бөгөөд Баянбогд, Аргалант, Тахиат, Харангад уулнууд хийгээд Хар заг, Гурван бяруугийн хөндий, Майхан цавын улааны жугана, Өвөр цайдмын шүү болон түүхэн дурсгалт хадны бичээс, Цэргийн шивээ зэрэг унаган төрхөөрөө буй түүхэн дурсгалт газар нутгаа түшиглэж аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бүрэн боломжтой билээ.  

Сум орны хөгжил дэвшлийг хурдасгах, бүтээн байгуулах, хүн ардын амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг ойртуулах, тохижилт үйлчилгээг сайжруулахад аймаг, сумын зүгээс ихээхэн анхаарал хандуулж сүүлийн зургаан жилийн хугацаанд улсын төсвөөс нэг тэрбум 735 сая орчим төгрөг, Орон нутгийг хөгжүүлэх сангаас 750 орчим сая төгрөгийн хөрөнгийг Улаанбадрах суманд оруулж шинээр хүүхдийн дотуур байр, ахуйн үйлчилгээний төв, шилэн кабелийн үйлчилгээг ашиглалтад оруулснаас гадна соёлын төвийн барилгаа иж бүрнээр шинэчилж, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх боломжийг нээж, зам талбайгаа шинэчлэх, малчдынхаа амьжиргааг дэмжих, гэрэлтүүлэг, тохижилт үйлчилгээний олон ажлыг шамдан хийсэн нь сумын хөгжил, өнгө төрхөд ихээхэн гэрэл гэгээг нэмжээ.

Сум орон нутгийнхаа ирээдүйн хөгжих гарцыг уламжлалт мал аж ахуй болон хариуцлагатай уул уурхайн бүтээн байгуулалтад тулгуурлаж үүнийг түшиглэсэн олон бүтээн байгуулалтыг цогцлоон, хүний ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэн, орчин үеийн техник технологийг амьдралд бүтээлчээр хэрэгжүүлж чадсан, шилдэг боловсон хүчинтэй, хөдөлмөр бүтээл нь улс даяар дуурссан тэргүүний сум болон хөгжихөд та бидний хамтын хүчин зүтгэл ихээхэн чухал юм.

Өөрсдийн шаргуу хөдөлмөр, амжилт бүтээлээрээ сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийн түүхийг бичилцсэн Улаанбадрах сумын настан буурлууд, гавьяат үйлстнүүд, эрдэмтэн мэргэд, малчид, ажилчин албан хаагчид, залуу үеийнхэнд гүн хүндэтгэл үзүүлж, чин сэтгэлийн талархал, ажлын өрнүүн их амжилт, эрүүл энх, аз жаргал, хөгжил цэцэглэлт, сайн сайхныг хүсэн ерөөе.

Дэлхийд ганцхан монгол наадмаараа дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Г.ГАНБААТАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%