ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Баярын мэндчилгээ

2015-08-06

Дорноговь аймгийн төв Сайншанд сум үүсэн байгуулагдсаны 54 жилийн ойг тохиолдуулан ус нутгийнхаа хөгжил дэвшилд гар бие оролцож, амьдрал ахуй, хөдөлмөр зүтгэлээ зориулан  ажиллаж байгаа Сайншанд сумынхаа ард иргэд, нийт зон олондоо аймгийнхаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийт төлөөлөгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Дорнын цэнхэр говийн нэрийн хуудас, тулгын чулуу, нутгийн зон олны аз жаргалын өлгий, амжилт бүтээлийн орд цагаан өргөө болсон Сайншанд сум маань тухайн үеийн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1961 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 136 дугаар зарлигаар Сайншанд хот болон батлагдсанаас хойш ийнхүү 54 жилийн сунагар түүхийг бичжээ.

Дорноговь аймаг ажил үйлсээрээ улсдаа удаа дараа шалгарч Хөдөлмөрийн гавьяаны хошой одонгоор шагнуулсан гавьяат үйлс хийгээд байгууллага хамт олноороо цэвэр цэмцгэр байх тухай уриалга бүхий “Соёлын довтолгоон”-д Сайншанд сумын хөдөлмөрчин иргэд, айл өрх, албан байгууллага олноор шалгарч, ажлын хэсгийн ахлагчаар ирсэн С.Удвал ахайтан “Соёл түгсэн говь нутаг” хэмээн үнэлэлт өгч, “Үнэн” сонинд энэ тухай нийтлэл бичин, орон даяар алдаршуулж байсны утга учир бол Сайншандчуудын авьяас билиг, эрдэм ухаан, хөдөлмөрч чанар, ажил хөдөлмөрийн аваргууд, сайчуулын ажил үйлстэй нягт холбоотой гэдгийг  бахархан хэлэхэд таатай байна.

Аймгийн ИТХ-аас сум орон нутгаа хөгжүүлэх бодлогын чанартай хөтөлбөрүүдийг олонтаа баталж хэрэгжилтэд нь хяналт тавин ажилладаг бөгөөд “Орон сууц” хөтөлбөрийн хүрээнд сүүлийн жилүүдэд Сайншанд хотод жилд дунджаар 500-600 айлын орон сууц тогтмол ашиглалтад ордог боллоо. Сайншанд-Хамарын хийд-Энергийн төвийг зорьсон жуулчдын тоо 2008 онд 30 орчим мянга байсан бол эдүгээ аялал жуулчлалыг хөгжүүлэх болдлогын хүрээнд 110 мянга даваад байна.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг ашиглаж орон нутгаас Хамарын хийд, Энергийн төв, үлэг гүрвэлийн цогцолбор, Ханбаян зүрх хайрхан аялал жуучлалын бүс нутгийн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг орон нутгийн төсвийн 199.840 төгрөгийн хөрөнгөөр “Нью Урбанизм” ХХК гүйцэтгүүлж дууслаа.
Дээрх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хамарын хийд, Зүүнбаян, Ханбаянзүрх хайрханы авто замын уулзварт аялал жуучлалын цогцолбор байгуулахаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан уг суурьшлын бүсийг хангах дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг бий болгохоор орон нутгийн төсвөөс 506.000 сая төгрөгийг хуваарилж цахилгаан эрчим хүчний шугамын ажил болон цэвэр усны шугам гаргах ажлыг гүйцэтгэж дууссан байна.

Сум орны хөгжил дэвшлийг хурдасгах, бүтээн байгуулах, хүн ардын амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг ойртуулах, тохижилт үйлчилгээг сайжруулахад аймаг, сумын зүгээс ихээхэн анхаарал хандуулж сүүлийн гурван жилийн хугацаанд л гэхэд орон нутгийн төсөв болон аймгийн Орон нутгийг хөгжүүлэх сангаас 4 тэрбум, 705 орчим сая төгрөгийн хөрөнгийг Сайншанд  суманд оруулж шинээр хүүхдийн  цэцэрлэг, өв соёл хүндэтгэлийн өргөө, шилэн кабелийн үйлчилгээ зэргийг олон ашиглалтад оруулснаас гадна хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх боломжийг нээж, зам талбайгаа шинэчлэх, малчдынхаа амьжиргааг дэмжих, гэрэлтүүлэг, тохижилт үйлчилгээний олон ажлыг шамдан хийсэн нь сумын хөгжил, өнгө төрхөд ихээхэн гэрэл  гэгээг нэмсэн юм.
Сум орон нутгийнхаа ирээдүйн хөгжих гарцыг уламжлалт мал аж ахуй болон аялал жуулчлал, үйлчилгээ, хариуцлагатай уул уурхайн бүтээн байгуулалтад тулгуурлаж үүнийг түшиглэсэн олон бүтээн байгуулалтыг цогцлоон, хүний ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэн,орчин үеийн техник тенологийг амьдралд бүтээлчээр хэрэгжүүлж чадсан, шилдэг боловсон хүчинтэй, хөдөлмөр бүтээл нь улс даяар дуурссан тэргүүний хот болон хөгжихөд та бидний хамтын хүчин зүтгэл ихээхэн чухал юм.
Өөрсдийн шаргуу хөдөлмөр, амжилт бүтээлээрээ сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийн түүхийг бичилцэж яваа Сайншанд сумынхаа настан буурлууд, гавьяат үйлстнүүд, эрдэмтэн мэргэд, малчид, ажилчин албан хаагчид, залуу үеийнхэндээ ажлын өрнүүн их амжилт бүтээл, эрүүл энх, аз жаргал, хөгжилт цэцэглэлт, сайн сайхныг хүсэн ерөөе.

Дэлхийд ганцхан монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.АНБААТАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%