Жил бүрийн есдүгээр сарын нэгэн хэмээх гайхалтай өдөр монгол орон даяар айлчлан ирлээ. Номтой цүнхээ үүрч, эжий аав, эмээ өвөө, ах эгч нарынхаа гараас хөтлөн дэгдээхий шиг дэгдэх бяцхан зургаан настнуудаас эхлэн тун удахгүй дунд сургуулиа төгсөн амьдралын их харгуйд дөрөө харшуулах ахлах ангийнхан гээд нийт багш, сурагчид бүхний сэтгэлийн орон зайд үл мартагдах дурсамж хөврүүлэх энэ он цаг үнэхээр гайхалтай юм. Амралтын хэдэн сар чимээ аниргүй байсан Сайншандын гудамж талбай хүүхэд залуус, оюутнуудын хөлд дарагдаж хаа сайгүй инээд хөөр, баяр баясал бялхаж хотыг сэрээх шиг боллоо.БСШУЯ-ны харьяа, Кембрижийн үндэсний лаборатори сургуулиар шалгарсан улсын хэмжээний 31 сургуулийн нэг Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын II сургууль шинэ хичээлийн жилдээ нийт 1461 сурагчтай болсноос нэгдүгээр ангид 198 бяцхан сурагчийг эрдмийн зам мөрд хөтлөн оруулсан байна. Тус сургуулийн хамт олон 2014-2015 оны хичээлийн жилд БСШУЯ-наас хэрэгжүүлж байгаа бага боловсролын цөм хөтөлбөрийг өөрийн сургуулийн онцлог давуу тал дээр суурилж “Бид хутагтын үр сад” хэмээх нэмэлт агуулгаар баяжуулан амжилттай хэрэгжүүлжээ. Мөн аймгийн хичээл төрлийн олимпиадад сүүлийн 11 жил тэргүүлж, аймгийн хүүхдийн “Яргуй” наадамд сүүлийн найман жил дараалан тэргүүлсэн амжилт үзүүлж сургалтын орчин, чанарт анхаарал хандуулан аймаг, улсад зохиогддог олон арван уралдаан тэмцээнд магнайлан оролцож ирсэн туршлагатай аж.
Тус сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, БСГ-ын дарга, Монгол Улсын гавьяат багш Ч.Отгонбаяр, II сургуулийн захирал Д.Цэрэнлхам зэрэг албаны хүмүүс оролцож багш, сурагчдад мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тус аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар “Дэлхийн улс гүрнүүдийн хөгжлийн гарц нь мэдлэгт суурилсан, мэдлэг шингэсэн, хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэхэд чиглэгддэг бөгөөд манай улс дэлхийд өрсөлдөх бүтээлч “МОНГОЛ ХҮН”-ийг төрүүлэн гаргахад боловсролын шинэчлэлийн дээрх хөтөлбөрүүд үр дүнгээ өгөх учиртай. Орон нутгаас сургууль, цэцэрлэг, дотуур байрны тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар хүүхдийн ая тухтай сурч хүмүүжих орчныг бүрдүүлэх зорилтыг хүрээнд 2009-2015 онд шинээр 15 цэцэрлэг, гурван сургууль, есөн дотуур байрыг барьж ашиглалтад орууллаа.
Зөвхөн 2015 онд Сайншанд суманд гурав, Замын-Үүд суманд нэг цэцэрлэг, Айраг суманд 320 хүүхдийн бага сургууль, Хатанбулаг суманд соёл спортын цогцолборыг ашиглалтад оруулж байгаа гээд манай аймгийн хүүхдүүдийн сурах орчин, сургууль, цэцэрлэгийн хүртээмж жилээс жилд сайжирч буй нь ихээхэн дэвшил” гэсэн юм. Засгийн газрын “Зөв монгол” хүүхэд үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхэд тус бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын шинэчилсэн хөтөлбөр боловсруулах тухай төлөвлөгөө БСШУ-ны сайдын тушаалаар батлагдсан. Энэ хичээлийн жилээс эхлэн суурь боловсролын төвшний сургалтын хөтөлбөрийг шинэчилсэн арга хэлбэрээр явуулах онцлог жил багш нарыг хүлээж байна.
http://dornogovi.khural.mn