ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Ахмад-залуу багш нар чууллаа

2015-10-02

Монголын багш нарын 49 дэх өдрийн баярыг тохиолдуулан аймгийн ЗДТГ, БСГ хамтран “Ахмад залуу багш нарын уулзалт”-ыг өнөөдөр “Саран хөхөө” театрт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд аймгийн боловсролын салбарт ажиллаж байсан үе үеийн ахмад багш нар болон багш хэмээх алдрыг өргөж яваа залуу багш нар, сурган хүмүүжүүлэгчид оролцсон юм.
Уулзалтыг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, аймгийн Засаг дарга П.Ганхуяг, БСГ-ын дарга, Монгол Улсын гавьяат багш Ч.Отгонбаяр нар  мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ
.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар “Аймгийн боловсролын салбарт сүүлийн жилүүдэд гарсан амжилтаас дурьдвал, Кембрижийн үндэсний лаборатори сургуулиар шалгарсан улсын хэмжээний 31 сургуулийн хоёр нь Дорноговь аймгийн  Сайншанд сумын II сургууль, Замын-Үүд сумын I сургууль болсон. Мөн “Багш авьяас”, “Ном”, “Авьяас” зэрэг хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн, сургалтын шинэ орчныг бүрдүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэхэд анхаарсан, төрөл бүрийн дугуйлан, сонгоныг амжилттай хичээллүүлсэн багш, ажилчдын нийгмийн асуудлыг шийдсэн, мэргэжлийн багшийн хангамж нэмэгдсэн, сургууль бүр багшийн хөгжлийн төвтэй болсон гээд салбарын ажилтан, ажиллагсад багш сурган хүмүүжүүлэгч та бүхний дэмжлэг оролцоотойгоор хийгдсэн олон ажлыг дурдахад таатай байна. Орон нутгаас сургууль, цэцэрлэг, дотуур байрны тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар хүүхдийн ая тухтай сурч хүмүүжих орчныг бүрдүүлэх зорилтыг хүрээнд 2009-2015 онд шинээр 15 цэцэрлэг, гурван сургууль, есөн дотуур байрыг барьж ашиглалтад оруулсан нь ихээхэн дэвшилттэй ажил болсон” гэсэн юм.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ахмад багш Т.Батсүрэн, Д.Цээпил нар “Алтан гадас” одонгоор шагнуулсан бол “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар ахмад багш Б.Наранчулуун шагнуулав. Мөн ахмад багш Г.Сандагсүрэн БСШУС-ын тушаалаар “Тэргүүний ардын авьяастан” цол тэмдгээр, ахмад багш О.Чинлүү “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, ахмад багш Ш.Бямбадорж “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнууллаа. Энэхүү уулзалт нь ахмад үеийн багш нараас залуу багш нар туршлага судлах, тэдний ажлын туршлагаас хуваалцах, ахмад багш нараа алдаршуулах, залуу үедээ урам зориг өгөх, тэдний ажлыг үнэлж дүгнэх зэрэг олон ач холбогдолтой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%