Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас Орон нутгийн хөгжлийн сангийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль орон нутагт хэр хэрэгжиж байгаа, шинээр санаачлан гүйцэтгэж буй Монгол хэлний их тайлбар толийн талаар "Иргэний оролцоо сургалт"-ыг 2015 оны 10-р сарын 13-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд ХБНГУ-ын Конрад Аденауэр сангийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.
Орон нутагт хууль хэрэгжүүлэхэд үүсч байгаа хүндрэл бэрхшээл, тус хуулиудын хэрэгжилт ямар түвшинд явж байгаа, Монгол хэлний их тайлбар толь бүтээхэд орон нутгийн иргэдийг татан оролцуулах иргэний оролцоог эх хэл, соёлтой холбон идэвхжүүлэх зорилготой зохион байгуулсан тус сургалтанд төрийн албан хаагчид, Төрийн бус байгуулллагын төлөөлөл, монгол хэлний багш нар зэрэг 100 орчим хүн оролцсон ба тус хуулийн талаарх мэдээллийг өгч, сонирхсон асуултанд хариуллаа. Энэхүү сургалтыг Дорноговь аймгийн ИТХ хамтран зохион байгуулав.
Та бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын гүйцэтгэж буй "Монгол хэлний тайлбар толь"-ийн төслийн явцтай www.mongoltoli.mn хаягаар олж сонирхоно уу. Тус толь нь 60 гаруй мянган толгой үг, 80 гаруй мянган хоршоо үг, холбоо үг, хэвшмэл үг багтаасан. Эрхэм та "Монгол хэлний их тайлбар толь"-оос хүссэн үгээ хайж, түүний утга, кирил үсгийн зөв бичлэг, монгол бичгийн хэлбэр, зөв дуудлага зэрэгтэй танилцаж хэрэглэхийн зэрэгцээ энэхүү толио нэмэн баяжуулах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой юм байна.