Дорноговь аймгийн Айраг сум 320 хүүхдийн багтаамжтай шинэ сургуультай боллоо. Энэхүү эрдмийн өргөөг улсын төсвийн нэг тэрбум долоон зуун сая гаруй төгрөгийн хөрөнгөөр чамгүй хөөцөлдөлгөө, олон хүний хүч хөдөлмөрөөр, санхүүгийн хүндрэл бэрхшээл зэргийг туулан байж бүтээн босгожээ. Барилгын гүйцэтгэгчээр “Идэр чандмань” ХХК ажиллаж хүйт орохоос өмнө барилгын ажлыг дуусгаж ашиглалтад оруулснаар 10 дугаар сарын 27-нд нээлтээ хийсэн юм. Тус сургууль 1940 онд байгуулагдсан бөгөөд 1974 онд долоон жилийн сургалттай сургууль, 2008 оноос арван жилийн сургалттай сургууль болон өргөжсөн түүхтэй. Харин 1976 онд 320 хүүхдийн багтаамжтай бага сургууль баригдсанаас хойших томоохон хөрөнгө оруулалт нь энэхүү шинэ сургуулийн бүтээн байгуулалт гэдгийг албаныхан онцлов. Тус сургууль 675 хүүхэдтэй бөгөөд өмнө нь бүтэн хоёр ээлжээр хичээллэдэг байсан бол шинэ сургууль ашиглалтад орсноор нэг ээлжээр хичээллэх боломжтой болж сурагчдын сурах орчин дээшилж, хичээлээс гадуур дугуйланд суралцаж өөрийгөө хөгжүүлэх боломж бүрдэж, багш сурган хүмүүжүүлэгчдийн ажиллах нөхцөл боломж бүрэн хангагджээ.
Орон нутгаас сургууль, цэцэрлэг, дотуур байрны тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар боловсролын салбарт хөрөнгө оруулах, хүүхдийн ая тухтай сурч хүмүүжих орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд аймгийн хэмжээнд 2009-2015 онд шинээр 15 цэцэрлэг, гурван сургууль, есөн дотуур байрыг барьж ашиглалтад оруулсны нэг нь Айраг суманд сүндэрлэн боссон эрдмийн уурхай. Дашрамд дурдахад сум орны хөгжил дэвшлийг хурдасгах, хүн ардын амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Айраг суманд шинээр хүүхдийн цэцэрлэг, ахмадын өргөө, ахуйн үйлчилгээний төв, сумын төвөөр засмал зам, дулааны уурын зуухны хүчин чадлыг өргөтгөх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар орон сууцны фонд нэмэгдүүлэх гээд аймаг, сумын зүгээс шинэ бүтээн байгуулалтад ихээхэн анхаарал хандуулж сүүлийн долоон жилийн хугацаанд улсын төсвөөс гурван тэрбум, 738 сая орчим төгрөг, Орон нутгийн төсвөөс 906 сая, Орон нутгийг хөгжүүлэх сангаас 242.3 сая төгрөгийн хөрөнгийг Айраг суманд оруулсан байна. Нээлтийн ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Цэцэгмаа, БСГ-ын дарга Ч.Отгонбаяр, ГХБХБГ-ын Г.Бат-Ирээдүй, Сумын ИТХ-ын дарга Б.Туулайхүү, Засаг дарга С.Ганбаатар сургуулийн захирал О.Одончимэг нарын албаны хүмүүс оролцов.