Аравдугаар сард хуралдсан Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 14 дүгээр хуралдаанаар Дорноговь аймагт Ойн анги байгуулах шийдвэрийг гаргалаа. Дорноговь аймагт сүүлийн жилүүдэд ногоон байгууламж ихээр нэмэгдэж байгаа төдийгүй мод үржүүлэг, арчилгаа хамгаалалтын асуудлыг шийдэх, байгаль орчны чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгөх мэргэжлийн байгууллага байх нь зүйтэй гэж албаныхан онцолсон юм. Тус анги нь аймгийн БОАЖГ-ын дэргэд үйл ажиллагаа явуулах бөгөөд таван хүний орон тоотой ажиллах аж. Харин ажилтнуудын цалин бусад шаардлагатай хөрөнгө санхүүг шинээр бус ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагаас шилжүүлэх замаар бүтэцийг бүрдүүлэхээр тусгасан байна. Удахгүй тус аймагт Азийн сангаас уул уурхайгаас болж эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, шаардлагатай бутлаг ургамлыг тарималжуулах, суулгац бэлтгэх төслийг хэрэгжүүлэхээр болсон бөгөөд ойн ангийн үйл ажиллагааг энэ төслийн нэг хэсэг болгон чиглүүлж дараа нь бие даалгах, аж ахуйн тооцоонд шилжүүлэх нь зөв гэж шийдвэрлэв. Говь нутагт модлог ургамал хийгээд заган ой элбэг байдаг.