2015 оны өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грек Улсын Чалкидики хотын “Porto carras grand” resortod 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 05-нд боллоо. Уг тэмцээнд дэлхийн 92 орны 1615 тамирчин зургаан насны эрэгтэй, эмэгтэй ангиллаар авьяас билэг, ур чадвараа сорин өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаа төлөөлж оролцсон өсвөрийн 26 тамирчнаас гурав нь хүрэл медаль хүртэж багийн дүнгээр зургаад эрэмбэлэгдсэн амжилт үзүүлэв. Энэхүү тэмцээний найман насны ангилалд 2015 оны улсын аварга, Дорноговь аймгийн Сайншанд сумын II сургуулийн 3А ангийн сурагч Г.Халиунаа насныхаа 49 орны 87 тамирчинтай оюун ухаанаа сорин өрсөлдөж 11 өргөөс долоо хожиж, нэг тэнцэн, гурав хожигдож 7.5 оноогоор 11 дүгээр байрт шалгарчээ. Түүний аав Ганхөлөг “Дэлхийн аваргын тэмцээн босго өндөртэй чанартай болдог юм байна. Манай охин анх удаагаа энэ том тэмцээнд оролцож 11 дүгээр байрт шалгарсан. Охин маань ердийн бэлтгэл хийж байгаад л оролцсон. Дэлхийн аваргад зориулж бэлтгэл хийгээгүй. Оролцсон бүх монгол хүүхдүүд 20-иос дотогш байрт шалгарч байгаа нь манай улсын хүүхдүүдэд ихээхэн боломж байгаа харууллаа. Цаашид нэгдсэн зохион байгуулалттай оролцох нь ихээхэн чухал байгаа юм.Тэмцээний үеэр Монголын Шатарын холбооны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр хүрэлцэн ирж зохион байгуулах комисст оролцож бидэнд их тус боллоо” гэв.