Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар хуралдаан 11 дүгээр сарын 10-нд болж таван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Нэгдүгээрт Дорноговь аймагт хөдөө аж ахуйн брэнд бүтээгдэхүүн бий болгох, тарвас тариалж орон нутгийн хүн амын хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх, жимс жимсгэний нэр төрлийг олшруулах, тарвас, жимс жимсгэний усалгаатай тариалалт хөгжүүлэх, иргэн, аж ахуй нэгж байгууллага, хоршоодын үйл ажиллагааг дэмжих үүднээс “Дорноговийн тарвас” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж тэргүүлэгчдийн олонх дэмжив. Орон нутгийн эрүүл хөрсөнд тарьж ургуулсан цэвэр органик жимс, жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгоход хөтөлбөрийн зорилго орших юм.