Дорноговь аймгийн Залуучууд хөгжлийн төвийн дэргэдэх “Дорноговь залуу манлайлагчдын” клубээс санаачилга гаргаж “Хүүхдэд ээлтэй элгэмсэг тээвэр” уриалгыг Сайншанд хотын жолооч нарын дунд өрнүүллээ. Сайншанд хотын төвд ерөнхий боловсролын дөрвөн сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэг сургууль ойролцоогоор 800-1200 сурагчтай гэж тооцоход 4000 орчим сурагч Сайншанд хотноо суралцаж байгаа юм. Дээрх 4000 орчим сурагчдын дунд хамгийн холдоо Аршандын 60 гэрээс тавдугаар сургууль, Ар шандын Өндөр довоос хоёрдугаар сургууль, Дэнжээс нэгдүгээр сургууль, Холбооны байрнаас тавдугаар сургууль руу явдаг сурагчид их байдаг аж. Хүүхдүүд сургуульдаа явахын тулд таксигаар үйлчлүүлдэг бөгөөд зарим жолооч хүүхэд багачуудыг үнэ бага төлдөг хэмээн үйлчлэхгүй байх тохиолдол гардаг байна. Үүнээс шалтгаалаад хүүхэд багачууд хичээлээсээ хоцрох, даарснаас болоод өвчин ханиад тусах, зам тээврийн осолд өртөх байдал гардаг гэж залуус ярив.Залуучууд гаргасан уриалгаа орон нутгийн телевизээр цацаж, мэдээлэл бэлтгэж, “Хүүхдэд ээлтэй элгэмсэг тээвэр” наалтыг 60 автомашинд нааж нөлөөллийн ажил хийжээ. Сайншанд хотын залуус хүүхдүүдийн төлөө ийм санаачилга гаргасанд эцэг эхчүүд, хүүхдүүд ихээхэн сэтгэл хангалуун байна.